Бичил, жижиг, дунд бизнест зээл олгоход чанарын үзүүлэлтүүдийн шинжилгээ хийх нь маш чухал байдаг. Энэ нь шинжилгээний үндсэн хэсэг бөгөөд тухайн харилцагчийн санхүүгийн мэдээллийг цуглуулах, шинжилгээ хийхтэй адил чухал ач холбогдолтой. Түүнчлэн, бизнесийн өнөөгийн байдал, түүний чанарын шинжүүдийг бүрэн ойлгож байж л санхүүгийн үзүүлэлтүүдэд цогц, гүнзгий агуулгатай дүн шинжилгээ хийх боломжтой юм.
Эзэмшигчдийн гаргасан оновчгүй шийдвэр, эзэмшигчид хоорондын санал зөрөлдөөн болон бусад дотоод асуудлаас шалтгаалан зарчмын хувьд санхүүгийн гүйцэтгэл сайтай бизнесийн байгууллагууд зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдол олон байдаг. Эх сурвалж, цаадах нарийн утга илэрхийллийн талаар сайн ойлголтгүй зөвхөн тоон дээр дүн шинжилгээ хийх замаар, бизнесийн загвар, хөгжлийн замнал, удирдлагын чадвар, эзэмшигчид хоорондын харилцаа, стратеги, бизнесийн хөгжлийн төлөвлөгөөг нь ойлгохгүйгээр боломжит зээлдэгчийн зээлийн чадамж, болзошгүй эрсдэлийн бүрэн зураглалыг гаргана гэдэг тун хэцүү...
Найдвартай, баталгаатай санхүүгийн мэдээлэл ихэнхдээ туйлын хязгаарлагдмал байдаг тул чанарын шинжилгээ нь бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн шинжилгээнд онцгой ач холбогдолтой.
Энэхүү нийтлэлд бид БЖДБ эрхлэгч харилцагчдад зээл олгох шийдвэр гаргахад анхаарах чанарын гол хүчин зүйлсийг авч үзэхээс гадна чанарын шалгуур үзүүлэлттэй холбоотой эрсдэлийн жишээнүүдийг чанарын шинжилгээ хийх зөвлөмжүүдийн хамт хүргэх болно.
Чанарын шинжилгээний үндсэн чиглэлүүд[1]
Чанарын шинжилгээний үйл явц нь эзэмшигчид болон удирдлагын баг, бизнесийн орчин, дотоод зохион байгуулалтын нарийвчилсан шинжилгээнүүдийг хамардаг.
Шинжилгээний үндсэн зорилго нь харилцагчийн бизнесийг ойлгох, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, тэдгээр нь харилцагчийн хүссэн зээлээ эргүүлж төлөх чадварт хэрхэн нөлөөлөхийг үнэлэх юм. Гэсэн хэдий ч та харилцагч бүрийн шинжилгээг илүү өргөн хүрээнд авч үзэж, урт хугацааны харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааны боломжуудад анхаарал хандуулах хэрэгтэй, тухайлбал: одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний тусламжтай бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бусад бүтээгдэхүүний хөндлөн борлуулалт хийх, зөвхөн нэг хэлцэлд анхаарах бус ирээдүйд харилцагчийн бүх биш гэхэд ихэнх санхүүгийн хэрэгцээг амжилттай хангах чиглэл баримтлах.
Ийм шинжилгээнд ихэнхдээ зээлийн өргөдөлд ирүүлсэн мэдээлэл, харилцагчийн өгсөн баримт бичиг, тухайн бизнесийн эзэмшигч болон хамааралтай бусад хүмүүстэй хийсэн уулзалт, ярилцлагын үеэр олж авсан мэдээлэл, харилцагчийн бизнестэй очиж танилцах үеэр хийсэн ажиглалтаас олж авсан мэдээлэл төдийгүй интернэт зэрэг бусад эх сурвалжаас авсан мэдээллийг ашигладаг.
Мэдээлэл цуглуулах, үнэлгээ хийх цогц аргууд байдаг. Янз бүрийн эх сурвалжаас цуглуулсан мэдээллийг багц болгон бүлэглэж болох юм. Цуглуулсан мэдээллээ дараах байдлаар бүлэглэж болох юм. Үүнд:
- бизнесийн ерөнхий мэдээлэл, түүний эзэмшигчид болон удирдлага, удирдлагын чадвар;
- бизнесийн зохион байгуулалт, бизнесийн загвараас шалтгаалах эрсдэлүүд; бизнесийн орчин болон өрсөлдөгчид, тэдгээртэй холбоотой болзошгүй эрсдэлүүд;
- харилцагчийн зээлийн хүсэлт, төлөвлөгөө болон бизнесийн хөгжлийн стратегийн дүн шинжилгээ;
- тухайн бизнесийн ямар нэгэн групп компаниудтай хамааралтай байх магадлал болон тухайн групп компаниас зээлдэгчийн бизнест үзүүлэх нөлөөллийн (болон эсрэгээр) үнэлгээ.
Бид дээр дурдсан чиглэл тус бүрээр дүн шинжилгээ хийхтэй холбоотой гол асуудлууд, түүний дотор болзошгүй эрсдэлийн жишээг дараах хэсэгт авч үзэх болно.
Бизнесийн ерөнхий мэдээлэл, түүний эзэмшигчид болон удирдлагын чадвар
Бизнесийн өнөөгийн нөхцөл байдал болон тухайн бизнес амжилттай хөгжихөд ямар аюул учирч болохыг ойлгож мэдэхийн тулд бизнесийн хөгжлийн түүхэнд: хэн энэ бизнесийг үүсгэн байгуулсан бэ? хэн удирддаг вэ? гэдэгт дүн шинжилгээ хийх нь үр дүнтэй бөгөөд шинжилгээ хийхийг зөвлөдөг. Түүнчлэн эзэмшигчдийн сонгосон хөгжлийн стратеги, төлөвлөгөө, удирдлагын мэргэшил/чадварыг тодруулах хэрэгтэй. Зарим тохиолдолд эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд зээлийн өргөдөл гаргаж магадгүй тул бизнесийн жинхэнэ эзэмшигчийг тодруулах зайлшгүй шаардлагатай.
Ерөнхийдөө дүн шинжилгээ хийвэл зохих асуудлууд нь:
- тухайн бизнесийг хэрхэн үүсгэн байгуулсан; эхлэлийн хөрөнгө, түүний эх үүсвэр;
- бизнесийн хөгжлийн замнал; одоогийн эзэмшлийн бүтэц, удирдлагын чадварын түвшин;
- эзэмшигчдийн стратеги, хөгжлийн төлөвлөгөө, бизнесийн орчны шинжилгээ;
- жинхэнэ эзэмшигчдийг тодорхойлохуйц өмчлөх эрх;
- тухайн бизнест гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс, тэдний тухайн салбарт мэргэшсэн байдал.
Өнгөрсөн хугацаанд, ялангуяа сүүлийн нэг жилийн хугацаанд өмчлөлийн болон үндсэн үйл ажиллагаанд гарсан аливаа өөрчлөлт, тэдгээр өөрчлөлтийн гол шалтгааныг анхаарч үзэх нь чухал. Дээр нь стратегийн өөрчлөлт хийх төлөвлөгөө (эзэмшигч/гол хүмүүсийн бүрэлдэхүүн, бизнесийн үйл ажиллагаа эсвэл газарзүйн хамрах хүрээ гэх мэт) байгаа эсэхийг шалгаж, эдгээр өөрчлөлтийг төлөвлөх болсон шалтгааныг мэдэж авахыг зөвлөж байна.
Гол шийдвэр гаргагчидтай уулзсанаар үнэ цэнэтэй мэдээлэл олж авах боломжтой, учир нь тэдний мэдлэг, ур чадварын түвшин нь бизнесийн хөгжил, үүнийг дагаад хүссэн зээлээ цаг тухайд нь төлөх чадварт ихээхэн нөлөөлдөг.
Эхлэлийн хөрөнгийн эх үүсвэр болон шаардлагатай тохиолдолд эзэмшигчдээс болон өөр эх үүсвэрээс авах бизнесийг хөгжүүлэх нэмэлт санхүүжилтийн боломж байгаа эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Хуулийн этгээдийн хувьд дүрмийн санд заасан өөрийн хөрөнгийн хэмжээг харахаас гадна эзэмшигчид нь бизнест хэр их хэмжээний хөрөнгийг бодитоор оруулсанд анхаарал хандуулах нь зүйтэй. Зарим тохиолдолд хөрөнгөө бүртгэл дээр тусгасан шиг бүрэн оруулаагүй байх тохиолдол ч байдаг.
Мөн эзэмшигчдийн туршлага, хувийн шинж чанар, бизнесийг бий болгосон зорилго, богино болон урт хугацааны бизнесийг хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөнд анхаарал хандуулах нь чухал юм.
Удирдлагын баг болон тухайн бизнесийн эзэмшигчидтэй хийх уулзалт ярилцлагын үеэр эдгээр хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийхэд шаардлагатай ихэнх мэдээллийг олж авч болно. Шинжилгээний үйл явцад аман мэдээллийг харилцагчийн өгсөн хууль ёсны баримт бичиг, өмнөх үеийн санхүүгийн тайланд баримтаар баталгаажсан үр дүнтэй харьцуулахыг зөвлөж байна.
Доорх хүснэгтэд энэ чиглэлээр гарч болзошгүй эрсдэлүүдийг иш татан харуулав.
Бизнес эзэмшигчид болон засаглалтай холбоотой эрсдэлүүдийн жишээнүүд |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бизнесийн удирдлага, эзэмшлийн бүтэцтэй холбоотой дотоод эрсдэлүүд нэлээд түгээмэл байдаг тул дээр дурдсан хүчин зүйлсийн шинжилгээнд зохих анхаарал хандуулах нь чухал юм. Эдгээр асуудлыг нарийвчлан авч үзэж, үнэлэх нь удирдлагын тогтолцооны сул талыг олж илрүүлэх, улмаар санхүүгийн байгууллагад учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлоход тусалдаг. Нэг харилцагч дээр дурдсан эрсдэлүүдээс хэд хэдэн эрсдэлтэй учирч болзошгүйг санаж байх хэрэгтэй.
Бизнесийн зохион байгуулалт: бизнесийн загвартай холбоотой эрсдэлүүд
Түүнчлэн бид боломжит харилцагчийн үйл ажиллагааны зохион байгуулалтын нарийн асуудлууд, тухайн харилцагчийн гол харилцагч, нийлүүлэгчидтэйгээ харилцах харилцаа, ажилтнуудын мэргэшлийн түвшин болон бизнесийн загварын бусад асуудлуудад дүн шинжилгээ хийхийг зөвлөж байна. Энэ үе шатанд анхаарах ёстой гол хүчин зүйлүүд нь:
- Тодорхой хэдэн нийлүүлэгчээс хамааралтай байх (нийлүүлэгчийн төвлөрөл), хамтын ажиллагааны үндсэн нөхцөл;
- Тодорхой хэдэн хэрэглэгч/үйлчлүүлэгчээс хамааралтай байх (хэрэглэгч/үйлчлүүлэгчийн төвлөрөл) болон хэрэглэгч/үйлчлүүлэгч шинээр олж авах ажлыг хэн хариуцдаг вэ;
- Борлуулалтын сувгууд хэр сайн тогтсон бэ;
- Ажилчдын эргэлт, ажиллах хүчний хомсдол;
- Бизнесийн тасалдал үүсэх эрсдэл; бизнесийн үйл ажиллагааг түр зогсоох эсвэл бүрмөсөн зогсоох эрсдэл;
- Бизнесийн дотоод хяналт.
Тухайн бизнесийн загвараас шалтгаалсан эрсдэлүүд нь бизнесийн хэмжээ, туршлагаас үл хамааран бизнест угаасаа байдаг эрсдэл юм. Тиймээс зээлийн өргөдөлд шинжилгээ хийхдээ тухайн харилцагчийн бизнес хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар бүрэн ойлголт авахыг хичээгээрэй. Бизнесийн загварыг ойлгох нь яг одоо байж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх үндэс суурь юм.
Доорх хүснэгтэд бизнесийн загвартай холбоотой болзошгүй эрсдэлүүдийн товч жагсаалтыг харуулж байна:
Бизнесийн загвартай холбоотой эрсдэлүүдийн жишээнүүд |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үйлдвэрлэл, тээвэрлэлт гэх мэт салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдын хувьд тусгайлан хамаарах эрсдэлийн хүчин зүйлс нь: эвдрэл гэмтэлд хүргэх тоног төхөөрөмжийн буруу арчилгаа; нарийн мэргэшсэн ажилтнуудаас хамааралтай байдал; лиценз зөвшөөрлийн асуудлууд; гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй үндсэн хөрөнгө; ажлын байран дээр бэртэж гэмтэх өндөр эрсдэл; галын аюултай үйлдвэрлэлийн үйл явц байна.
Бизнесийн зохион байгуулалт, эзэмшигчдийн болзошгүй эрсдэлийн талаарх мэдлэг ойлголт, тэдгээрийг бууруулахын тулд бодитоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан шинжлэх зайлшгүй шаардлагатай.
Харилцагчийн зээлийн хүсэлт, бизнесээ хөгжүүлэх төлөвлөгөө болон стратегийн дүн шинжилгээ
Зээлийн шийдвэр гаргах зорилгоор хийж буй бизнесийн чанарын шинжилгээний хамгийн чухал нэг хэсэг нь харилцагчийн зээлийн хүсэлтийн (зээлийн өргөдөл) судалгаа, шинжилгээ юм.
Юун түрүүнд, хүсч буй зээлийн зорилгын талаар тодорхой ойлголттой байх шаардлагатай: энэ зээлийг юунд ашиглах гэж байна вэ? Одоогийн бизнесийнхээ хэрэгцээнд, одоогийн бизнесээ өргөжүүлэхэд, бизнесийн шинэ чиглэлийг хөгжүүлэхэд, шинэ зах зээлд нэвтрэхэд аль эсвэл бүр цоо шинэ бизнес эхлүүлэхэд үү?
Гэхдээ дан ганц харилцагчийн зээлийн хүсэлтийг бичиж тэмдэглэн, тухайн санхүүжилтээр яг юунд хөрөнгө оруулахыг тодруулах нь хүсч буй зээлийн судалгаа, шинжилгээг хийхэд хангалтгүй юм. Харилцагч хүсч буй санхүүжилтээр ямар зорилгоо биелүүлэх гэж байна, юунд хүрэхээр төлөвлөж байна, яагаад зээлийн хүсэлт гаргахаар шийдсэн, зээл нь бизнесийн үйл ажиллагааны үр дүнд яг хэрхэн нөлөөлөхийг ойлгож авах нь чухал байдаг. Түүнчлэн харилцагчийн эдгээр хүлээлтийн үндэслэлийг нарийвчлан судалж, тэдгээрийн боломж, төслийг дуусгах / төслийг бүрэн хэрэгжүүлэх хугацааг үнэлэх шаардлагатай.
Энэхүү судалгаа шинжилгээг хийхэд шаардлагатай мэдээллийн үндсэн эх сурвалж нь бизнесийн эзэмшигч ба/эсвэл удирдлагатай хийх уулзалт ярилцлага бөгөөд үүн дээр зээлийн хүсэлт нь санхүүгийн хувьд үндэслэлтэй болохыг нотлох баримт бичгүүд (гаргасан тооцооны хуудсууд, бизнесийн төлөвлөгөө, барилгын ажил, техникийн шинэчлэлд оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээ, харилцагчаас авсан мэдээллийг шалгах интернет хайлтын үр дүн гэх мэт) нэмэгдэнэ.
Зээлийн зориулалтаас хамааран анхаарал хандуулах шаардлагатай хүчин зүйлүүд нь янз бүр байна.
Эргэлтийн хөрөнгийн зээлийн хүсэлт
Эргэлтийн хөрөнгийн зээл нь ерөнхийдөө эд хөрөнгө, үйлдвэрийн газар, тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай хөрөнгө оруулалтын зээлээс эрсдэл багатай байдаг. Хэдий тийм ч зээлийн мэргэжилтэн/харилцагчтай харилцах менежер нь эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилт хүссэн үндсэн шалтгааныг сайтар үнэлэх шаардлагатай.
Зээлийн мэргэжилтэн/харилцагчтай харилцах менежер нь харилцагч яг юу хүсч байгааг тодорхойлсны дараа зээлийн өргөдөл гаргахад хүргэсэн жинхэнэ шалтгааныг нягталж үзэх хэрэгтэй болно. Эргэлтийн хөрөнгийн зээл хүсч буй зорилго нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эсвэл өсөн нэмэгдсэн эрэлтийг хангахын тулд бараа материалын нөөцийг нэмэгдүүлэх бол зээлийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж болох юм. Гэсэн ч үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд зайлшгүй шаардлагатай эсэхийг баталгаажуулахын тулд харилцагчийн хийсэн тооцоо, хангалттай нөөц боломж, үйл ажиллагаа явуулах газар болон боломжит эрэлт хэрэгцээ байгаа эсэхийг давхар шалгах шаардлагатай. Зээлийн мэргэжилтэн/харилцагчтай харилцах менежер нь харилцагчид шаардлагатай нэмэлт нөөц хараахан байхгүй гэдгийг олж мэдвэл түүнд шаардлагатай нөөц боломжийг олж авах тодорхой төлөвлөгөө (нэмэлт ажилтан авч ажиллуулах, сургах, үйл ажиллагаа явуулах газар нэмж хайх, нэмэлт сурталчилгаа хийх), эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа байгаа эсэхийг шалгаж үзэх ёстой.
Хэрэв харилцагч бараа материалын нөөцийн ердийн түвшнээс мэдэгдэхүйц ялгаатай хэмжээгээр бараа материал нэмж худалдан авахаар санхүүжилт хүсч байгаа бол та санхүүжилт хүсч буй шалтгаанд онцгой анхаарал хандуулж, үүний цаана нуугдсан ямар нэгэн далд асуудал байхгүй эсэхийг нягталж үзээрэй. Харилцагчийн хүчин чадал борлуулалтыг төлөвлөсөн хэмжээнд хүртэл өсгөж чадах уу, харилцагчийн агуулахын багтаамж нь их хэмжээний бараа материал хадгалахад хүрэлцээтэй юу гэдгийг шалгаж, урьдчилсан төсөөллүүд боломжтой эсэх, өмнө нь ямар арга хэмжээ хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрсэн болон харилцагчийн хүлээлт биелж байгаа/биелэх боломжтой эсэхийг шалгаж баталгаажуулах нь чухал юм.
Үндсэн хөрөнгийн санхүүжилт
Бизнесүүд одоогийн хөрөнгөө сольж шинэчлэх эсвэл бизнесээ өргөжүүлэх буюу шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээ нэвтрүүлэх, бизнесийн шинэ байршил нээх / шинэ зах зээлд гарах, бизнесийн шинэ чиглэл нээх эсвэл цоо шинэ бизнес эхлүүлэх зорилгоор үндсэн хөрөнгийн санхүүжилт хүсч болно. Ийм хөрөнгө оруулалтын зардал ихэвчлэн өндөр, эргэн төлөгдөх хугацаа нь урт байдаг тул хөрөнгө оруулалт хийх гэж буй шалтгааныг маш сайн ойлгож, зээлийн зорилгыг нарийвчлан шинжлэх нь чухал байдаг. Үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт нь харилцагчийн одоогийн бизнест янз бүрийн байдлаар тоон болон чанарын нөлөө үзүүлж болно.
Тоон нөлөөнд ихэвчлэн үйлдвэрлэл, борлуулалт, цэвэр ашиг, өөрийн хөрөнгийн өсөлт, ашиглалтын зардал (засвар үйлчилгээ, ажиллах хүч, түрээсийн зардал) буурах эсвэл нэмэлт ажилтан шаардлагатай бол үйл ажиллагааны зардал нэмэгдэх зэрэг орно.
Чанарын нөлөөнд гол төлөв зах зээлд өрсөлдөх чадвар сайжрах, одоо байгаа зах зээлд эзлэх хувь нэмэгдэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах эсвэл хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зэрэг багтана.
Ямар ч тохиолдолд харилцагчийн хүлээлтийг дахин шалгаж, урьдчилсан төсөөлөл, таамаглалыг өөрийн зах зээлийн судалгаа, салбарын үндсэн чиг хандлагатай харьцуулан судлах нь чухал.
Санхүүгийн байгууллагын ажилтнууд харилцагчийн бизнес төлөвлөгөөний зөвхөн хүсч буй зээлээр санхүүжих хэсгийг бус харин төлөвлөгөөг бүхэлд нь үнэлэх шаардлагатай. Бусад чухал асуудлуудын нэг нь хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн хугацаа, эх үүсвэрийг тодорхойлох юм. Бизнесийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг цогц байдлаар үнэлэх ёстойгоос гадна уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хангалттай нөөц (цаг хугацаа, ажиллах хүч, туршлага гэх мэт) бий эсэх, хүлээгдэж буй үр дүн нь үндэслэлтэй, хөөрөгдөөгүй, бизнес нь тухайн санхүүжилтээс бидитоор ашиг хүртэнэ гэдгийг харж болохуйц байх ёстой.
Өгөгдсөн бизнес төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийснээр та дан ганц зээлийн зорилгыг ойлгоод зогсохгүй богино болон урт хугацаанд харилцагчийн бизнест нөлөөлөх бүх нөлөөллийг (шууд болон шууд бус) мэдэж авах болно. Үүнтэй холбогдуулаад эзэмшигчдийн бизнесийг хөгжүүлэх төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, тухайн санхүүжилтийн хүсэлт нь тэдний сонгосон хөгжлийн стратегийн хүрээнд авцалдаж буй эсэхийг харьцуулан үзээрэй.
Хөгжлийн төлөвлөгөө, стратеги
БЖДБ-ийн санхүүжилтэд харилцагчийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх нь туйлын чухал байдаг. БЖДБ-ийн салбарт эзэмшигч/эзэмшигчдийн гаргасан бодлогогүй шийдвэр, хэтэрхий амбицтай хөгжлийн төлөвлөгөөнөөс шалтгаалан ашигтай бизнес уналтанд орох нь тийм ч онц гойд зүйл биш юм.
Эзэмшигчдийн бизнесээ хөгжүүлэхэд гаргаж буй хандлагыг үнэлэх хэрэгтэй: тухайлбал, тэд дан ганц өөрсдийн хөрөнгийн зардлаар бизнесээ хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юу, эсвэл жил бүр дахин дахин нэмж зээл авахаар хүсэлт гаргаж байна уу? ашиг орлогоороо бизнестээ дахин хөрөнгө оруулалт хийдэг үү, эсвэл бүгдийг нь татаж авдаг уу эсвэл бүр өөр салбарт хөрөнгө оруулалт хийдэг үү? эзэмшигчид тогтвортой байдлыг илүүд үздэг үү эсвэл түрэмгий өсөлт, зах зээлийг эзлэхэд голчлон анхаардаг уу?
Санхүүгийн байгууллагуудын хувьд эрсдэлийн түвшин нь эзэмшигчдийн бизнест гарсан аливаа өөрчлөлтийн асуудлаар шийдвэр гаргах хэв маягаас ихээхэн хамаардаг: эзэмшигч нь эдгээр шийдвэрт хэр болгоомжтой ханддаг вэ? зохих урьдчилсан дүн шинжилгээнүүдийг хийдэг үү? Эзэмшигч нь болзошгүй таагүй нөхцөл байдлын хариуд авах арга хэмжээнд урьдчилан бэлтгэдэг үү эсвэл шийдвэрүүд нь аяндаа гардаг уу?
Түүнчлэн өмнөх зээлүүдийн зорилтот болон бодит ашиглалт, нөхцөлийг шалгаж үзэхийг зөвлөдөг. Өмнөх зээлүүдийн нөхцөлийг хангасан/хангаагүй нь боломжит зээлдэгчийн зохион байгуулалтын чадвар, хичээл зүтгэл, зөв итгэл үнэмшлийг харуулах нэмэлт шинж чанарууд болно. Дээр нь харилцагчийн өмнөх зан байдал нь түүнийг сайн удирдагч, амжилттай бизнес эрхлэгч мөн эсэхийг болон төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд боловсруулж, хэрэгжүүлэх, тэр дундаа төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй саад бэрхшээлийг шийдвэрлэж чадах чадварлаг менежерийн хувиар түүний шинж чанаруудыг үнэлэхэд тусална.
Аливаа бизнесийн групп компаниудтай хамааралтай байх магадлал болон тухайн групп компаниийн зээлдэгчийн бизнест үзүүлэх нөлөөллийг үнэлэх нь
Зээлдэгчийн ямар нэгэн групп компаниудтай харилцах/холбогдох магадлал, тухайн грпп компанийн зээлдэгчийн бизнесийн үр дүнд үзүүлэх нөлөөллийн (заримдаа эсрэгээр) дүн шинжилгээг чанарын шинжилгээний тусдаа нэг хэсэг болгон авч үзэх нь зүйтэй юм. Хэрэв бизнесийн эзэмшигч нь “зэрэгцээ” бизнес (эсвэл бизнесүүд)-тэй бол холбоотой компаниудын хооронд бараа, мөнгөний харилцан урсгал (аль аль нь тогтмол, хялбар тооцохуйц, тогтмол бус, системгүй) байж болзошгүй тул болзошгүй эрсдэлийн эх үүсвэр нэмэгдэж, эрсдэлийн ерөнхий дүр зураг өөрчлөгдөж магадгүй.
Холбоотой компаниудын санхүүгийн байдал тогтвортой байх юмуу эсвэл муудаж, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаж болох тул эзэмшигчид нь нэг бизнесээ тогтворжуулахын тулд нөгөө бизнесээс хөрөнгөө татаж, улмаар эхний бизнесийн санхүүгийн байдлыг сулруулж болно. Түүнчлэн, холбоотой аль нэг бизнес нь энэхүү нийтлэлд дурдсан янз бүрийн эрсдэлд өртөж болзошгүй бөгөөд энэ нь нийт группын үйл ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Санхүүгийн байгууллагууд тухайн зээлдэгчийг бие даасан бизнесийн хувьд авч үзэн нарийн дүн шинжилгээ хийлээ ч холбоотой компаниудын бүлэгт дүн шинжилгээ хийхгүйгээр эрсдэлийг бүрэн үнэлэхэд шаардлагатай бүх мэдээллийг олж авах нь ихэнх тохиолдолд боломжгүй. Эрсдэл үүсгэх нэмэлт эх үүсвэрүүд байж болзошгүйг харгалзан ийм харилцагчдыг санхүүжүүлэхэд практик дээр янз бүрийн арга хэрэгслүүдийг ашигладаг. Үндсэн арга хэрэгсэл нь барьцаа хөрөнгөөр баталгаажих хувийг нэмэгдүүлэх болон/эсвэл одоогийн бодит эрсдэлийг үнэлэхийн тулд нийт группын санхүүгийн үр дүнг нэгтгэх замаар нэмэлт эсвэл илүү хатуу барьцаа шаардах юм.
Илүү мэдээлэлтэй шийдвэр гаргах зорилгоор холбоотой компаниудын үр дүнг нэгтгэх (тухайн сегментэд тохиромжтой бол) нь холбогдох бүх бизнесийн санхүүгийн үр дүнд шинжилгээ хийхийг хэлнэ. Ингэснээр та эрсдэлийн бүх хүрээг үнэлж, нэмэлт нөөц боломжийг бүрдүүлэх боломжит хэрэгцээг тодорхойлж чадна. [2]
Холбоотой компаниудын мэдээллийг бүрэн гүйцэд нэгтгэсэн тайланд дүн шинжилгээ хийх нь эдийн засгийн ач холбогдолгүй (зээлийн хэмжээ, боломжит ашиг гэх мэттэй харьцуулахад хэтэрхий их ажил, чирэгдэл болохоор) сегментийн хувьд дор хаяж холбоотой компаниудын уялдаа холбоог ойлгож, тухайн групптэй холбоотой гол эрсдэлүүдийг тодорхойлж, урьдчилан таамаглаж/багасгаж чадахуйц түвшинд группын доторх бизнесүүдийн одоогийн холбоо хамаарлыг шинжлэхийг зөвлөдөг. Ийм нөхцөлд зээлийн баталгаанд тавигдах шаардлагууд нь ихэвчлэн илүү өндөр (үүнд зээл олгох урьдчилсан нөхцөлүүд, нэмэлт баталгаа гаргах гэх мэт) байдаг.
Боломжит зээлдэгч нь холбоотой компаниудын группт хамаатай эсэхийг бид хэрхэн тодорхойлох вэ? Та шууд бус нотолгоонд анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд доорх хүснэгтэд хамгийн энгийн жишээнүүдийг тоймлон харуулж байна.
Холбоотой компаниуд байж болзошгүйг илтгэх нотолгоо/аюулын дохионы жишээнүүд |
|
|
|
|
|
|
|
|
Төв Азийн улс орнуудад холбоотой компаниуд болон ЖДБ-ийн сегментэд зэрэгцээ үйл ажиллагаа явуулдаг бизнесийн группууд нэлээд түгээмэл байдаг. Холбоотой хувь хүмүүсийг тогтоох нь тухайн групптэй холбоотой эрсдэлийг үнэлэх, мэдээлэлтэй шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой. Тиймээс иймэрхүү мэдээлэлд зохих анхаарал тавьж, дахин нягталж үзэх шаардлагатай.
Өгсөн мэдээлэл, мэдүүлсэн үйл ажиллагааны цар хүрээг давхар шалгах гэх мэтээр чанарын шинжилгээний хүчин зүйлсийн жагсаалтыг үргэлжлүүлж болно. Энэхүү нийтлэлд бид хамгийн чухал хүчин зүйлсийг авч үзсэн бөгөөд тэдгээрт нарийвчилсан шинжилгээ хийх нь бидэнд харилцагчийн зээл төлөх чадвар, түүнд нөлөөлж болох хүчин зүйлсийн талаар цогц ойлголт авах боломж олгоно.
Дээр жагсаасан болзошгүй эрсдэлүүдийн аль нэг байна гэж үзэх нь гартаа байгаа өргөдөл дээр ажиллахаа больж, харилцагчид татгалзсан хариу өгөх ёстой гэсэн үг биш гэдгийг санаарай. Тодорхой эрсдэл байгааг олж тогтоох нь зээлийн шийдвэр гаргахдаа уг эрсдэлийн харилцагчийн төлбөрийн чадвар, бизнест, тэр дундаа бизнесийн ерөнхий ирээдүйд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх ёстой гэсэн үг юм. Үүн дээр нэмээд тухайн тодорхойлсон эрсдэлүүд болон зээлийн нэмэлт баталгаа гаргуулах гэх мэт тэдгээр эрсдэлийг бууруулах боломжит арга хэрэгслүүдийг тооцож үзээд санхүүжилтийн оновчтой хэлбэрийг үнэлж тогтоох хэрэгтэй болно. Зарим тохиолдолд хэдий зээлийн нэмэлт баталгаа гаргахад бэлэн байсан ч зээл олгохоос түдгэлзэх хэмжээний эрсдэлүүд байж болно.
Тухайн бизнес, түүний боломжит болон бодит эрсдэлүүдийг тооцож үзсэнээр та зээл олгох үндэслэлтэй, зөв шийдвэрт хүрч чадна. Түүнчлэн харилцагчтэй урт хугацааны харилцаа тогтоохын тулд тэдэнтэй нөхцөл байдлын талаар ярилцаж, эргэлзээтэй гэж үзсэн асуудлуудыг тодруулж, хэрэв харилцагч хүсвэл түүнд боломжит шийдлүүдийг санал болгохыг зөвлөж байна.
Чанарын шинжилгээ хийхэд анхаарах ёстой хамгийн чухал зүйлс юу вэ?
Чанарын шинжилгээ хийхэд зориулсан нэмэлт зөвлөмжүүд
Чанарын шинжилгээний гол зорилгууд нь:
- харилцагчийн бизнесийн зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагааны үйл явцын талаар олж авсан ойлголт мэдэгдэхүүндээ үндэслэн өгсөн санхүүгийн мэдээлэлд давхар шалгалт хийх;
- санхүүгийн тогтвортой байдал болон боломжит зээлдэгчийн бизнесийн үр дүнд нөлөөлж болох хүчин зүйлс, түүний дотор өөрчлөгдөж буй орчин нөхцөлд дасан зохицох, салбарын чиг хандлагад нийцүүлэн бизнесээ сайжруулан төлөвлөх чадварыг үнэлэх;
- салбарын нөхцөл байдал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болон чиг хандлагад дүн шинжилгээ хийх;
- чанарын эрсдэлүүд байгааг тодорхойлсон бол тэдгээр нь хэр аюултай болох, хүсч буй зээлийн эргэн төлөлтөд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх;
- тэдгээр эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар аргументуудад дүн шинжилгээ хийж, эрсдэлийг бууруулах нэмэлт нөхцөлүүдийг боловсруулах;
- шийдвэр гаргагчдад зориулсан дүгнэлтээ боловсруулах.
Тодорхойлсон чанарын эрсдэлүүдийн талаар олж авсан гол ажиглалтуудын тайлбарыг чанарын шинжилгээний асуудал тус бүр дээр тусад нь бичихээр төлөвлөж дүгнэлтийн хуудсанд хоосон зай үлдээж байхыг зөвлөж байна.
Шийдвэр гаргах явцын хүрээнд чанарын хүчин зүйлсийн шинжилгээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тодорхойлсон эрсдэл, тухайн шинжилгээний үр дүнд гарсан ажиглалт/дүгнэлтийг нухацтай авч үзэх нь чухал юм.
Мөн чанарын шинжилгээг зээлийн судалгааны аргазүйн нэг хэсэг болгох, арга хэлбэрийг боловсронгуй болгох, шинжилгээний ажиглалтуудыг баримтжуулах аргачлалыг тодорхойлохыг зөвлөж байна. Чанарын хүчин зүйлүүд нь тоон үзүүлэлтүүдийг ойлгох, тэдгээрийг зөв тайлбарлах, давхар шалгах үндэс суурь болохын зэрэгцээ эрсдэлийг зөв үнэлэх, зөв шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинжилгээнд чанарын хүчин зүйлсийг тоон үзүүлэлтүүдийн хамт тусгаснаар танай санхүүгийн байгууллага зээлдэгчийн талаар цогц дүн шинжилгээ хийх, зээл олгохдоо мэдээлэлтэй, оновчтой шийдвэр гаргах боломжтой болох юм.
[1] Ковид-19-ийн эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагавруудыг харгалзан үзвэл бизнесийн шинжилгээнд шийдвэр гаргалтад уян хатан хандах хийгээд бизнесийг оновчтой болгоход чиглэсэн алхмуудыг хурдтай хэрэгжүүлэх чадвар зэрэг нэмэлт хүчин зүйлсийг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Эдгээрийг "ХЯМРАЛЫН ҮЕИЙН БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ" нийтлэлд дэлгэрэнгүй тайлбарласан болно.
[2] Энэ сэдэв онцгой анхаарал татдаг бөгөөд сэдвийн хүрээнд зориулан “OL2001 онлайн сургалт: Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоо ба нэгтгэсэн санхүүгийн тайлан” хэмээх тусгай онлайн сургалтыг боловсруулан Цахим Индэрт байршуулсан болно.