ЖДБ-т (ашигтайгаар) үйлчилгээ үзүүлэхэд санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй үндсэн сорилт
Дэлхийн хэмжээнд нийт бизнесийн 90 орчим хувийг бүрдүүлдэг жижиг, дунд бизнесүүд (ЖДБ) нь ихэнх эдийн засгийн гол тулгуур болохын зэрэгцээ аливаа улс орны хамгийн их ажлыг байрыг бий болгодог. Дэлхий даяарх ЖДБ-ийн банкны зах зээлийн хэмжээ, боломж асар том хэдий ч тохирох санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх нь Төв Ази зэрэг ихэнх бүс нутгийн ЖДБ-ийн хувьд тулгараад буй томоохон сорилтуудын нэг болж буй бөгөөд“ЖДБ-ийн санхүүжилтийн зөрүү” гэгддэг санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү Дэлхийн банкны тооцоолсноор жилд 8.1 их наяд доллар байна.1
Олон санхүүгийн байгууллагын хувьд ЖДБ-ийн сегментэд үр өгөөжтэй, ашигтай үйлчилгээ үзүүлэх нь хүндрэлтэй хэвээр байгаа юм. Үүнд олон шалтгаан бий хэдий ч ЖДБ-ийн санхүүжилтийн зөрүү нь гол төлөв санхүүгийн байгууллагуудад тулгардаг харилцан уялдаатай гурван зардлаас шалтгаалдаг нь ЖДБ-д санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд учирч буй зайлшгүй сорилтуудад тооцогдож байна. Үүнд:
Мэдээллийн зардал: ЖДБ нь албан ёсны байдлын хувьд олон янзын түвшинд, харилцан адилгүй байх бөгөөд найдвартай, бэлэн санхүүгийн мэдээлэл дутмаг байдгаас томоохон корпорацуудтай харьцуулахад илүү тодорхой бус байдаг. Энэ нь санхүүгийн байгууллагуудын хувьд албан ёсны санхүүгийн мэдээ, зээлийн тайлан, бусад баримт бичигт найдах боломжгүй болгож, мэдээллийн хэтэрхий тэгш бус байдлыг үүсгэн, зээлийн эрсдэлийг үнэлэхэд ихээхэн зардал гаргахад хүргэдэг. Улмаар санхүүгийн байгууллагууд барьцаа хөрөнгөнд хэт ач холбогдол өгч, олон ЖДБ, ялангуяа “хөнгөн” тайлан тэнцэлтэй газрууд санхүүгийн үйлчилгээний гадна үлддэг. Энэ асуудал Төв Азийн орнуудад тулгамдаж буй асуудал бөгөөд тухайлбал ЖДБ зээл авахад шаардлагатай барьцаа хөрөнгө Тажикистанд зээлийн дүнгийн 170 хувь, Монголд 227 хувиар үнэлэгдэж байна.2
Санхүүгийн хэлцлийн зардал: Мэдээллийн тэгш бус байдлын сорилтоос гадна ЖДБ-ийг санхүүжүүлэхэд гарах холбогдох санхүүгийн хэлцлийн зардал нь томоохон корпорацийн харилцагчид болон бусад үйлчлүүлэгчдэд холбогдох зардлаас өндөр байж болно. Энэ нь жижиг дүнтэй олон зээлийн гүйлгээнд оногдох шилжүүлэг бүрийн тогтсон шимтгэлийн нийт зардал, хол зай (ЖДБ-үүд салбаруудаас хол байрладаг байх магадлалтай), зээлийн эрсдэл өндөр гэх шалтгаанаар ЖДБ-д зээл олгохоос татгалзах хувь хэмжээ өндөр гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалж болно.
Боломжийн зардал: Хэдийгээр санхүүгийн байгууллагууд ЖДБ-т зээл олгоход тохирох аргачлалаар ашгийн боломжийг тодорхойлдог ч томоохон корпорацийн харилцагчид эсвэл иргэдэд үзүүлэх банкны үйлчилгээ, зарим нөхцөлд төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд зээл олгохтой харьцуулахад ЖДБ-т үйлчилгээ үзүүлсний бодит ашиг нь цэвэр дүнгээрээ буурах магадлалтай. Хөрөнгө мөнгө, хүний нөөцийн хувьд хязгаарлагдмал нөхцөлд санхүүгийн байгууллагууд ЖДБ-д анхаарал хандуулах боломжийн зардлыг хэт өндөр гэж үзэж болно. Энгийнээр тайлбарлахад, бараг бүх зах зээл дээр ЖДБ нь санхүүгийн байгууллагуудын хувьд “амархан ашиг олох зөөлөн боорцог” барагтай бол биш байдаг.
ЖДБ-т үйлчилгээ үзүүлж, ашигтай ажиллах нь онцгой сорилт байдаг тул ихэнх амжилттай ЖДБ-ийн санхүүжүүлэгчид ЖДБ-тэй холбоотой санхүүжилтийг ЖДБ-т төвлөрсөн боловсон хүчин, бүтээгдэхүүн үйлчилгээ, дүрэм журам бүхий тусгай сегмент буюу ашгийн төв болгох тодорхой арга барил бий болгоход хөрөнгө оруулсан байдаг. Гэвч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт, хүчин чармайлт шаардагдах нь мэдээж. Үр дүнд нь дээр дурдсан зардлуудыг амжилттай бууруулах (хэт их зардал гаргахгүйгээр), ЖДБ-ийн зээлийн эрсдэлийг багасгах аливаа стратеги, арга, технологи нь ЖДБ-ийн санхүүжилтийг хөнгөвчлөхөд болон санхүүгийн байгууллагуудыг ЖДБ-ийн сегментийг илүү ашигтайгаар төлөвлөж ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Өртгийн сүлжээний талаарх ойлголт, өртгийн сүлжээнд ЖДБ-ийн эзлэх байр суурь тэр дундаа томоохон тулгуур бизнесүүдтэй холбоотой байр суурь зэрэг өртгийн сүлжээнд төвлөрсөн арга ашиглан санхүүгийн байгууллагууд хэрхэн ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмж, ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжтойг харуулах нь энэхүү нийтлэлийн зорилго юм.
Ямар ч бизнес арал шиг тусгаарлагдмал биш: өртгийн сүлжээ гэж юу вэ?
Юуны өмнө, өртгийн сүлжээ гэж яг юу вэ?
Өртгийн сүлжээ гэдгийг аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэхэд шаардагдах бүх үйл ажиллагаа, оролцогчдын хүрээ гэж тодорхойлж болно. Үнэндээ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) тодорхойлсноор бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дэлхийн эсвэл тухайн улс орны дотоодын өртгийн сүлжээний нэг хэсэг байдаг.3
Өртгийн сүлжээ гэдэг нэр томъёоны оронд бизнесийн үйл ажиллагааны худалдан авалт, үйлдвэрлэл, логистикийн талуудад түлхүү ач холбогдол өгч ирсэн нийлүүлэлтийн сүлжээ гэдэг нэр томьёог ашиглах тохиодол их байдаг. Нөгөө талаас өртгийн сүлжээ гэдэг нэр томьёог бизнесийн нэрт зохиолч Майкл Портер 1985 онд гаргаж ирсэн бөгөөд энэ нь тодорхой үе шат бүхэнд бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд нэмүү өртөг шингээж, хэрэглэгчдэд хүргэх эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах дараалсан үйл ажиллагаануудад гол анхаарал хандуулдаг.
Уламжлалт өртгийн сүлжээний шинжилгээнд нэг бизнесийн (эсвэл бизнесийн нэгжийн) аливаа бараа бүтээгдэхүүнд нэмсэн өртгийг авч үздэг байсан бол орчин үед өртгийн сүлжээний ойлголтыг өргөн хүрээнд буюу нийт салбарыг авч үзэхэд (жишээлбэл, кофе эсвэл гутлын үйлдвэрлэл) ашиглаж байна.
Өртгийн сүлжээ нэр томъёог ихэвчлэн хөдөө аж ахуйн салбарт ашиглаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг фермээс хэрэглэгчдэд хүргэх үйл явц, оролцогчид, нэмэгдэж буй нэмүү өртгийг онцлон авч үздэг ч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Тус нэр томъёог бусад нөхцөл эсвэл салбарт, тухайлбал олон янзын оролцогчид, үйл ажиллагааны түвшнээс бүрдсэн илүү нарийн төвөгтэйгөөс (жишээ нь, нисэх онгоц эсвэл гар утас) эхлээд илүү энгийн (жишээ нь, хоол хүнс эсвэл жижиг бараа таваар гэх мэт) хүртэл тухайн барааг боловсруулж, үйлдвэрлэсэн л бол хаана ч адилхан ашиглаж болно.
Ашиглаж буй нэр томъёоноос үл хамааран бүх санхүүгийн байгууллагууд тэдний бизнесийн салбарын харилцагчдын ихэнх нь (ЖДБ-ийг оролцуулсан) ямар нэг бизнесийн өртгийн сүлжээний дээд (ханган нийлүүлэгчид) эсвэл доод (худалдан авагч/хэрэглэгч) хэсэгт харъяалагдах бөгөөд эдгээр харилцагчдын бизнесийн амжилт (болон санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл) нь энэхүү сүлжээнээс ихээхэн хамаарч байдгийг мэдээж хэрэг маш сайн ойлгож байдаг. Өртгийн сүлжээний аргачлал нь тухайн өртгийн сүлжээний оролцогчдын харилцаа хамаарал төдийгүй тухайн сүлжээнд хамаарах үйл ажиллагаануудын дэс дарааллыг сайтар ойлгож мэдэхэд тусалдаг.
Өртгийн сүлжээ нь дотоодын болон дэлхийн (олон улсыг хамарсан) байж болох ч Төв Азийн ихэнх ЖДБ-үүд дотоодын зах зээлд төвлөрдөг тул энэхүү нийтлэлд дотоодын өртгийн сүлжээг голчлон авч үзсэн болно.
Санхүүгийн байгууллагуудын өртгийн сүлжээний санхүүжилт
Өртгийн сүлжээнүүдийн гол онцлог нь гол том эсвэл тулгуур (anchor) бизнесийн, компанийн оролцоо байдаг. Энэ бизнес нь ихэвчлэн томоохон корпораци байдаг бөгөөд гол төлөв үндэстэн дамнасан корпорацийн хамаарал бүхий этгээд байх магадлалтай. Ийм бизнес нь ерөнхийдөө өртгийн сүлжээний “дээд” хэсэгт байрлаж байвал хэд хэдэн хоорондоо хамааралгүй ханган нийлүүлэгчид болох ЖДБ-тэй, эсвэл “доод” хэсэгт байвал олон тооны жижиглэнгийн болон бөөний борлуулагч ЖДБ-үүдтэй байдаг. Энэхүү гол тулгуур бизнесийн хаана байрлахаас хамааран (тухайлбал, сүлжээний дээд эсвэл доод хэсэгт) түүнийг түшиглэн оршдог өртгийн сүлжээг худалдан авагчид түшиглэсэн эсвэл үйлдвэрлэгчид түшиглэсэн сүлжээ гэж нэрлэдэг.
Ихэнх дүн шинжилгээнүүд гол төлөв өртгийн сүлжээгээр бий болсон бараа бүтээгдэхүүнд (бараа бүтээгдэхүүнүүдэд) төвлөрсөн байдаг бол өртгийн сүлжээг авч үзэх үр дүнтэй арга нь өртгийн сүлжээг оролцогчид (ялангуяа тулгуур бизнесүүдийн эргэн тойронд) хоорондоо дараах зүйлүүдийг байнга болон урьдчилан таамаглах боломжтойгоор харилцан солилцох үргэлжилсэн гинжин хэлхээ гэж үздэг. Үүнд:
- Бараа болон үйлчилгээ – доошоо чиглэсэн, эцсийн дүндээ хэрэглэгчид хүрнэ
- Санхүүжилт, мөнгөн хөрөнгө – нийлүүлэгч, үйлдвэрлэгч рүү дээшээ чиглэсэн
- Мэдээлэл – хоёр тийш чиглэсэн, гэвч байнгын бүртгэл, нэгтгэл хийгддэггүй
Маш цөөхөн өртгийн сүлжээний ажил гүйлгээ шууд төлбөр тооцооны үндсэн дээр явагддаг тул бараг бүх өртгийн сүлжээний хувьд зээл нь ердийн бөгөөд чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Өртгийн сүлжээний оролцогчид, ялангуяа тулгуур бизнесүүд ихэвчлэн зээл хэлбэрийн тусламж үзүүлдэг бөгөөд үүнд урт хугацааны санхүүжилт ч багтах ба зарим тохиолдолд энэхүү зээл нь бүтээгдэхүүн нийлүүлэлтээр эргэн төлөгдөхөөр байдаг.
Хүснэгт 1-т Төв Азийн дөрвөн оронд эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд банкны болон нийлүүлэгч/харилцагчийн зээл ашиглаж буй аж ахуйн нэгж, компаниудыг хувиар харуулсан нь бүгд дэлхийн дундаж үзүүлэлтэд хүрэхгүй байна.
Оролцогчдын хооронд бараа таваар, хөрөнгө мөнгө, мэдээллийн урсгал явагдаж байгаа нь санхүүгийн байгууллагуудын хувьд өртгийн сүлжээний санхүүжилт (ӨСС)-ийн боломжийг бий болгож байдаг.
Санхүүгийн байгууллагууд дахь БЖДБ-ийн зээлийн шинжилгээ, судалгааны (андеррайтинг) сайн туршлага нь тухайн ЖДБ-ийг тусад нь авч үзэж, тухайн бизнесийн зээлээ эргэн төлөхөд бэлэн эсэх, эргэн төлөх чадварыг ойлгоход чиглэгддэг. Улмаар энэхүү хандлагаар ЖДБ бүрийг бие даасан нэгж гэж үзэн ЖДБ-ийн дээш, доош чиглэсэн харилцааг бүхэлд нь хамрах шинжилгээг ихэвчлэн тухайн ЖДБ нь аль нэг тодорхой нийлүүлэгч/худалдан авагч эсвэл гэрээнээс хэт хамааралтай, өөрөөр хэлбэл төвлөрлийн эрсдэл байх магадлалтай үед л хийж үздэг.
Харин ӨСС нь тухайн өртгийн сүлжээний ерөнхий бүтэц, шинж чанарыг ойлгох, санхүүжилт олгох нөхцөлд тухайн сүлжээний хувьд байж болох бусад оновчит элементүүд, тухайлбал нөөцийн зөрүү зэргийг тодорхойлох, түүнчлэн тухайн өртгийн сүлжээний бизнесүүдэд ашигтайгаар санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх боломжуудыг эрэлхийлэх зэрэг бүх асуудлыг цогцоор нь авч үздэг.
Өртгийн сүлжээний үр дүнтэй санхүүжилт нь ерөнхийдөө харьцангуй нэгдмэл бөгөөд тогтвортой өртгийн сүлжээнүүдэд чиглэсэн байх бөгөөд ихэвчлэн тухайн санхүүгийн байгууллагын одоогийн харилагч болох тулгуур бизнес эсвэл бизнесүүдэд төвлөрч, эрсдэлийг бууруулах, нийлүүлэгч эсвэл худалдан авагчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэхдээ тулгуур бизнесийн байр суурийг гол хөшүүрэг болгон ашиглахыг оролддог.
Тулгуур бизнесүүд нь тасралтгүй нийлүүлэлтийг баталгаажуулах эсвэл цаг тухайд нь нийлүүлэлтээр хангадаг байх, үнэнч байдлыг бий болгох, борлуулалтыг дэмжих зорилгоор өөрсдөө өртгийн сүлжээний оролцогчдыг санхүүжилтээр хангахад хэдийн оролцсон байдаг. Тулгуур бизнесүүд энэхүү санхүүжилтийг мэргэжлийн санхүүгийн байгууллагын “гадаад эх үүсвэрээр” бүрдүүлэх сонирхолтой байдаг нь зээл олгоход зарцуулагддаг эргэлтийн хөрөнгийг суллах, хөрвөх чадварыг сайжруулах, захиргааны болон хэлцлийн зардлыг бууруулах, санхүүгийн байдлын тайланг эрсдэлгүй болгох, тухайн зээлийн эргэн төлөлтийг цуглуулах ажлыг хялбарчлах, шимтгэлийн орлогыг хүлээн авах зэрэг олон шалтгаанаас улбаатай.
Түүнчлэн өртгийн сүлжээг ихэвчлэн шугаман хэлбэртэй графикаар дүрсэлдэг боловч тоног төхөөрөмж нийлүүлэгчид, логистикийн үйлчилгээ үзүүлэгчид, мэдээллийн үйлчилгээ, ажиллах хүчин, зохицуулах байгууллага гэх мэт өртгийн сүлжээнд шууд бус оролцогчдын илүү өргөн сүлжээ эсвэл экосистемийг бодолцож үзэх нь ач холбогдолтой. Ийм маягаар санхүүгийн байгууллагууд экосистемд бүхэлд нь анхаарал хандуулснаар одоогийн харилцагчид болон харилцагчдынхаа өргөтгөсөн сүлжээг ашиглан зардал багатайгаар шинэ харилцагчидтай болох, зээлээс гадна бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах (жишээлбэл, төлбөрийн гүйлгээ, цалингийн үйлчилгээ, аккредитив гэх мэт) боломжтой болно.
Хамтын ажиллагааны үнэ цэнэ: өртгийн сүлжээний оролцогчидтой түншлэх нь
ӨСС-д санхүүгийн байгууллагууд болон өртгийн сүлжээний нэг эсвэл хэд хэдэн оролцогчдын (ихэнхдээ тулгуур бизнес байна) хооронд хэлцлийн зардлыг бууруулах, эрсдэлийг багасгах буюу уламжлалт санхүүгийн үйлчилгээг хүргэхэд учирдаг саад бэрхшээлийг багасгах стратегийн холбоо байгуулагдах тохиолдол их байдаг.
Ерөнхийдөө түншлэлийн хүрээнд тулгуур бизнесүүд нь санхүүгийн байгууллагад дараах зүйлээр туслах боломжтой. Үүнд:
- Мэдээлэл: Тулгуур бизнес нь тухайн өртгийн сүлжээнд өөрийн дээд болон доод талд байрлах ЖДБ-ийн (болон бусад) оролцогчдын талаар чухал мэдээлэл өгөх боломжтой. Үүнд лавлагаа эсвэл танилцуулга өгөх, зээлдэгчид хийсэн үзлэг шалгалтын мэдээлэл, гүйлгээний мэдээлэл, салбарын онцлогийн талаарх мэдээлэл, гэрээ эсвэл бичиг баримтын баталгаа (жишээ нь, худалдан авалтын захиалга эсвэл нэхэмжлэхүүд), зээлийн хэрэгцээний мэдээлэл зэрэг багтана. Эдгээр мэдээлэл нь санхүүгийн байгууллагуудад боломжит харилцагчдыг тодорхойлох, үнэлэхэд тусалж, зээлийн үнэлгээнд “гадны эх үүсвэр”-ийн мэдээлэл ашиглах боломж олгодог.
- Хэлцлийг хөнгөвчлөх: Тулгуур бизнес нь зээлийн зарцуулалтыг шууд дэмжих, хамтран гарын үсэг зурах, урвуу факторингийн зураглалыг гаргах гэх мэтээр санхүүгийн хэлцлийг хөнгөвчлөхөд шууд дэмжлэг үзүүлэх боломжтой.
- Баталгаа: Тулгуур бизнес нь баталгаа гаргах юмуу бусад эрсдэл хуваах механизмд (хамтран гарын үсэг зурах, буцаан худалдан авах тогтолцоо) оролцож, зээлийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн байгууллагуудын ЖДБ-тэй хэлцэл хийх процессийг шууд бусаар хөнгөвчлөх боломжтой.
Тулгуур бизнесүүдийн хувьд санхүүгийн байгууллагатай албан болон албан бусаар түншлэх нь худалдан авалт эсвэл борлуулалт/түгээлтийн аль нэгийг хөнгөвчлөх боломжтой.5 Ийм хамтын ажиллагаа нь санхүүгийн байгууллагын хувьд мэдээллийн тэгш бус байдлыг багасгаж, хэлцлийн зардлыг бууруулахаас гадна үйлчилгээгээ өргөжүүлэх боломж олгодог. Санхүүгийн байгууллага нь өртгийн сүлжээнд хийсэн шинжилгээ, тулгуур бизнестэй хийсэн гэрээ хэлэлцээрт үндэслэн тухайн бизнестэй ямар онцлог байдлаар, хэр гүнзгий түншлэхээ тулгуур бизнес тус бүрийн хувьд тодорхойлсон байх шаардлагатай.
Өртгийн сүлжээний санхүүжилтийн боломжит эрсдэлүүд
Санхүүгийн байгууллагууд өртгийн сүлжээний санхүүжилтэд оролцсоноор боломжит эрсдэл, сорилтуудтай тулгарах магадлалтай бөгөөд үүнийг ч мөн анхаарч үзэх шаардлагатай юм. Эдгээрээс хамгийн илт нь нэг өртгийн сүлжээ аль эсвэл тухайн сүлжээний тулгуур компаниас хамаарсан нэлээд ноцтой байдалд хүргэж болзошгүй төвлөрлийн эрсдэл юм.
ӨСС-ийн шугамаар дэмжлэг авсан ЖДБ-үүд нь ижил өртгийн сүлжээний (сүлжээнүүдийн) оролцогч байх магадлалтай тул гадаад болон бусад нөлөөлөл нь олон бизнест нэгэн зэрэг сөргөөр нөлөөлөх хоорондын хамаарлын эрсдэл нь ноцтой асуудал байх магадлалтай.
Системийн эрсдэл нь өртгийн сүлжээний аль нэг оролцогч (тухайлбал тулгуур бизнес) өртгийн сүлжээг ганхуулах, шууд утгаараа “гинжин урвал” үүсгэх өвөрмөц эрсдэл бүхий бас нэгэн сорилт юм. Үүний үр дүнд холбоотой бизнесүүд нь хохирч болзошгүй бөгөөд энэ нь эргээд (ялангуяа нягт холбоо хамааралтай өртгийн сүлжээнд) ковариант буюу хамаарлын эрсдэлийг бий болгох боломжтой.
Тийм учраас өртгийн сүлжээнд нарийн дүн шинжилгээ хийх нь зайлшгүй чухал бөгөөд өртгийн сүлжээн дэх бизнесүүдийн хоорондын уялдаа холбоог сайтар ухаж ойлгох шаардлагатай.
Санхүүгийн байгууллагууд эдгээр эрсдэлийг бууруулахын тулд өртгийн сүлжээнүүд болон бизнесийн салбаруудад төвлөрлийн болон санхүүжилтийн хязгаар тогтоож, анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд цаашдаа оновчтой хяналт шинжилгээ, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх шаардлагатай.
Аргачлалаа бэхжүүлэх нь: санхүүгийн байгууллагад өртгийн сүлжээний санхүүжилтийг хөгжүүлэх
Тэгэхээр санхүүгийн байгууллага нь өртгийн сүлжээний санхүүжилтийн аргыг амжилттай боловсруулахын тулд юу хийж чадах бол?
Өртгийн сүлжээний санхүүжилтийн аргыг амжилттай хэрэгжүүлэхэд тухайн өртгийн сүлжээний мөн чанар, эрсдэлийн талаар тодорхой ойлголттой байх, хамтран ажиллах боломжтой тулгуур бизнесийг тодорхойлох, үнэлэх шаардлагатай. Энэ нь санхүүгийн байгууллагуудын хувьд ихэвчлэн өндөр зардалтай тусдаг ЖДБ-ийн зээлдэгч нарын зээлийн эрсдэлийг тус бүрд нь үнэлэхийн оронд эдгээр зардлыг олон харилцагчдад тараан шингээх боломжтой төдийгүй нэг хэлцэлд оноогдох зардлыг бууруулж хэмнэлт гаргах боломжтой.
Эхлэхийн тулд санхүүгийн байгууллагууд дараах алхмуудыг хэрэгжүүлэх боломжтой. Үүнд:
1) Боломжит тулгуур бизнесүүд болон тэдний өртгийн сүлжээг тодорхойлох: Хэрэв санхүүгийн байгууллага нь аль хэдийн байгууллагын болон/эсвэл ЖДБ-ийн зээл олгодог бол одоогийн харилцагч нарынхаа (ялангуяа тулгуур бизнесийн) хамаардаг өртгийн сүлжээнүүдийг тодорхойлж эхлэх нь үр дүнтэй юм. Хамгийн эхний алхам нь санхүүгийн байгууллага болон боломжит тулгуур бизнес хоорондын бизнесийн харилцаа нь хэр гүн гүнзгий болох, хэр удаан үргэлжилсэн эсэх болон харилцааны мөн чанарыг харгалзан үзээд илүү том эсвэл илүү чухал гэсэн байгууллагын харилцагчдаа тодорхойлох байж болно.
Энэхүү хамгийн эхний судалгаанаас боломжит өртгийн сүлжээ, тулгуур бизнесүүдийн “богино жагсаалт"-ыг гаргаж болно. Боломжит тулгуур бизнесүүдийн урьдчилсан иж бүрэн судалгаа шинжилгээг (эсвэл өмнөх шинжилгээг сайжруулсан хувилбар) зөвхөн тухайн бизнесийг өөрийг нь ойлгох төдийгүй түүний оролцсон өртгийн сүлжээний талаар ойлголт авах зорилгоор явуулах шаардлагатай. ӨСС-ийн арга барилаар ихэвчлэн тулгуур компанитай албан болон албан бусаар түншлэх шаардлага үүсдэг тул энэ үе шатанд тухайн бизнестэй хамтран ажилласнаар үүсэх нэр хүндийн эрсдэлийн асуудлууд болон тухайн бизнесийн хамтран ажиллах хүсэл сонирхлыг авч үзэх хэрэгтэй.
Одоо байгаа харилцагч/салбаруудыг эхлэлийн цэг болгон ашиглахын давуу тал нь санхүүгийн байгууллага эсвэл санхүүгийн байгууллагын ажилтнууд тухай салбарын талаар тодорхой мэдлэгтэй болон/эсвэл туршлагатай байх магадлал юм.
2) Зорилтот өртгийн сүлжээг зураглах: Хүчирхэг боломжит тулгуур бизнес байгаа л бол хамгийн тохирох зорилтот өртгийн сүлжээ гэсэн үг биш юм. Санхүүгийн байгууллагууд нь аль болох бат бөх интеграцлагдсан, хөрвөх чадварын түвшин өндөр өртгийн сүлжээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Өртгийн сүлжээ нь хэр сайн холбогдсон байна оролцогчид хоорондын бараа, үйлчилгээ, хөрвөх чадвар, мэдээллийн урсгал төдий чинээ найдвартай байх бөгөөд өөр ноцтой зүйл гарч ирэхгүй л бол өртгийн сүлжээн дэх тодорхой бизнесийн төлбөрийн чадваргүй болох эрсдэл ч төдий чинээ бага байна.
Тиймээс санхүүгийн байгууллагууд тулгуур бизнес (бизнесүүд) болон өртгийн сүлжээний оролцогчид, тэдний хоорондын холбоо хамаарал (болон эдгээр холбоо хамаарлын бат бөх байдал) болон байж болох сул талуудыг тодорхойлсон өртгийн сүлжээг зураглах хэрэгтэй. Энэ үе шатанд эхний ээлжинд тодорхойлсон боломжит тулгуур бизнес нь ЖДБ-ийн нийлүүлэгчид болоод худалдан авагчидтай хэлэлцээр хийх өндөр чадвартай гэдгээ харуулсан, тухайн өртгийн сүлжээний нэр хүндтэй компани гэдгийг баталгаажуулахад анхаарах хэрэгтэй.
Өртгийн сүлжээнд хамаарах салбар/аж үйлдвэрийн сүүлийн үеийн хөгжил дэвшил, бүтцийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн гарцын хэлбэлзэл, үнийн савлагаа, дотоод/гадаад зах зээлээс хамааралтай байдал, санхүүгийн урсгалын өөрчлөлт, бодлогын асуудал/эрсдэл, хоорондын харилцааны албажсан байдал, хэлэлцээр хийх чадвар гэх мэт тухайн өртгийн сүлжээний тоон болон чанарын шалгуурыг мөн харгалзаж үзэх хэрэгтэй.
Үүн дээр үндэслэн санхүүгийн байгууллагууд өртгийн сүлжээний оролцогч бүр хэрхэн өртөг нэмж буй талаар тодорхой ойлголтттой болох хэрэгтэй бөгөөд оролцогчдын одоогийн санхүүгийн хэрэгцээ, туршлагын талаар дэлгэрэнгүй мэдэж авах нь чухал.
3) Бизнесийн боломжуудыг тодорхойлох: Өртгийн сүлжээний зураглал, ойлголт дээрээ үндэслээд санхүүгийн байгууллага нь тулгуур бизнесийн дэмжлэгтэйгээр өртгийн сүлжээнд нэвтрэх, хамтран ажиллах боломжуудыг тодорхойлж болно.
Эдгээр боломжууд нь ихэвчлэн богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээ эсвэл нөөцийн зөрүүнээс үндэслэн гардаг хэдий ч урт хугацааны хөрөнгийн санхүүжилтийн боломжууд ч үүнд багтаж болно. Түүнчлэн санхүүгийн байгууллагууд өртгийн сүлжээний оролцогчдод зээлээс бусад бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт хийх эсвэл багц бүтээгдэхүүн санал болгох боломжуудыг ч олж харах боломжтой.
ӨСС-ийн түгээмэл хэрэгслүүдэд дараах хэрэгслүүд багтана:
- Богино болон дунд хугацаатай зээл (өөрөөр хэлбэл зээлийн шугам)
- Тоног төхөөрөмжийн лизинг
- Дунд болон урт хугацаатай зээл (худалдагч талын санхүүжилтээр тоног төхөөрөмж худалдан авах)
- Харилцах данс, гүйлгээний үйлчилгээ (цалингийн гүйлгээ, банкны карт унших төхөөрөмж)
- Авлагын санхүүжилт (факторинг, векселийн хөнгөлөлт, форфайтинг, урвуу факторинг)
- Барьцаат санхүүжилт (репо санхүүжилт, агуулахын хөрөнгө барьцаалсан санхүүжилт, бараа материалын санхүүжилт)
- Аккредитив, баталгааны бичиг
- Даатгал
- Үүсмэл санхүүгийн хэрэгслүүд (фьючерс, форвард, опцион, своп)
Энэ үе шатанд мөн тулгуур компанитай албан ёсоор хэрхэн хамтран ажиллахыг тодорхойлж, тохиролцож болно. Тулгуур компани ямар үйлчилгээ (хэрэв байгаа бол) үзүүлэх (мэдээлэл, баталгаа, лавлагаа), хариуд нь тулгуур компани юу авах вэ (шимтгэл, хөнгөлөлт, брэнд бүтээх гэх мэт)?
4) Санхүүжилт ба төвлөрлийн хязгаарыг тогтоох: Санхүүгийн байгууллага нь эрсдэлийн шалгуур үзүүлэлтүүдийг (багцын хязгаар) тогтоохоос гадна эдгээр хязгаарыг багцын түвшинд баримталж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд эрсдэлийн хяналтын тодорхой аргачлалтай байх ёстой. Үүний зэрэгцээ санхүүгийн байгууллагын ажилтнуудыг зардлаа хэмнэх, өртгийн сүлжээний боломжийг ашиглахад идэвхжүүлэх зорилт тавих шаардлагатай.
5) Хэрэгжүүлэх, дасан зохицох: Онолын хувьд, санхүүгийн байгууллага нь нэг буюу цөөн тооны өртгийн сүлжээний хүрээнд арга барилаа турших хүсэлтэй байдаг ч төрөлжүүлэх, зөвхөн нэг салбар эсвэл өртгийн сүлжээнд хэт төвлөрөхгүй байх үүднээс илүү олон тооны өртгийн сүлжээг (мөн тулгуур бизнесийг) авч үзэх хэрэгтэй болдог. Түүнчлэн өртгийн сүлжээг тойрсон экосистемд хүрэх нэмэлт арга замыг эрэлхийлэхэд хичээл зүтгэл гаргах шаардлагатай.
Дижитал эрин үеийн өртгийн сүлжээний санхүүжилт7
Өртгийн сүлжээний санхүүжилтийн арга барил, үзэл баримтлал шинэ зүйл биш хэдий ч мэдээллийн хүртээмж, мэдээлэл боловсруулах чадавхийн хувьд сүүлийн үед тэсрэлт хийгдэж, шинэ дижитал хэрэгсэл, технологи гарч ирсэн нь шинийг санаачлагч санхүүгийн байгууллагуудад өртгийн сүлжээний схемийг судлах шинэ боломжийг бий болгосон. Дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахлын үр дүнд дижиталчлагдах үйл явц хурдассанаар өртгийн сүлжээний санхүүжилтийн эдгээр дижитал аргачлалын боломжит үнэ цэнэ улам их өссөн.
Нийлүүлэлтийн сүлжээг дижиталчилж, ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг дэмжих нь
Өртгийн сүлжээн дэх дижитал хэрэгслүүдийн хэрэглээ болон дижитал харилцаа холбоо нэмэгдэж байгаа нь биечлэн хийх санхүүгийн хэлцэлтэй холбогдолтой мэдээллийг илүү хүртээмжтэй, ил тод болгосон. Гэрээнд гарын үсэг зурах, захиалга өгөх, бараа бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх, хүргэлт, борлуулалт, төлбөр тооцоо гэх мэт өмнө нь биет байдлаар (жишээ нь цаасаар, бэлнээр, биечлэн) хийж байсан үйлдлүүд бүх шатанд дижитал хэлбэрээр бүтгэгдэж бас хянагдаж байна. Үүний үр дүнд худалдан авалт, борлуулалтын давтамж, ханган нийлүүлэгчид болон үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа, бараа материалын эргэлтийн талаарх мэдээлэл илүү нээлттэй болж, улмаар санхүүгийн байгууллагууд маш сайн тохируулж, автоматжуулсан зээлийн эрсдэлийн үнэлгээг ашиглаж, шийдвэр гаргах боломжтой болсон. Энэхүү мэдээллийн хүртээмжээр тулгуур бизнесийн дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгөх хэрэгцээг хөнгөвчлөх эсвэл түүний гаргаж өгсөн мэдээллийн дутууг нөхөж болно.
Платформуудын шилжилтийн нөлөө
Төрөл бүрийн дижитал платформуудын өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь өртгийн сүлжээний санхүүжилтийн аргаар өмнө нь харьцангуй тархай бутархай шинжтэй эсвэл жижиг хэмжээтэй гэж үзэж байсан өртгийн сүлжээг санхүүжүүлэх боломж олгосон. Мэдээллийн бүртгэлийг хөтлөх, мэдээллийг нэгтгэхэд туслах дижитал платформууд хэлцлийн үйл явцыг улам бүр хөнгөвчилж байгаа тул санхүүгийн байгууллагууд дижитал платформуудыг өртгийн сүлжээний санхүүжилт олгоход өртгийн сүлжээний оролцогчдыг нэгтгэх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад хамтрах хамтрагчаа гэж үзэж болно. Дижитал платформтой хамтарснаар санхүүгийн байгууллагууд хэлцлийн холбогдолтой дэлгэрэнгүй мэдээлэл, зарим тохиолдолд бодит цагийн мэдээлэл авах болон бусад шаардлагатай мэдээллийг хүлээн авах боломжтой болно. Платформуудын жишээнд Алибаба эсвэл Амазон зэрэг цахим худалдааны платформууд, үндэсний цахим нэхэмжлэхийн төвүүд, финтек платформууд багтана.
Олон зах зээлд манлайлах боломжууд байсаар байна
Өртгийн сүлжээний дижитал хэлцэлд үндэслэсэн дижитал санхүүжилт нь хэдийнээ дэлхийн даяар олон оронд өргөн дэлгэрч, улам бүр түгээмэл болж буй ч ялангуяа Төв Азийн орнууд гэх мэт шинээр хөгжиж буй зах зээлд эсвэл одоогийн байдлаар илүү тархай бутархай шинжтэй өртгийн сүлжээнд (өөрөөр хэлбэл, олон жижиг үйлдвэрлэгч болон худалдан авагчид, цөөн тооны дахин давтагдах хэлцэлтэй) олон боломжууд одоо ч байсаар байна. Мэдээллийн хүртээмж улам бүр нэмэгдсэнээр санхүүгийн байгууллагуудын мэдээлэл цуглуулах, хэлцлийн зардал буурч, улмаар санхүүгийн байгууллагууд санхүүжилтийг илүү үр ашигтайгаар олгох боломжтой болох бөгөөд цаашид дижитал аргачлал руу шилжих, өртгийн сүлжээний тоглогчдыг дижитал байдлаар нэгтгэхэд түлхэц үзүүлнэ.
Санхүүгийн байгууллагууд дижиталчлагдаагүй байдлаас шинэ боломжууд гарч ирэх ч үүнийг шинэ сорилтууд дагалдана. Боломжит хамтрагчид (финтекүүд, платформууд) нь өртгийн сүлжээнд нэвтрэхэд учирч буй саад бэрхшээлүүд (мэдээллийн зардал, хэлцлийн зардал) технологийн тусламжтай багассанаар ӨСС олгох өрсөлдөгчид болох магадлалтай.
Эх сурвалжууд:
[1] БЖДБ-ийн Санхүүжилтийн Зөрүү: Хөгжиж буй зах зээлийн Бичил, Жижиг, Дунд Бизнесийн Санхүүжилтийн Хомсдол болон Боломжуудын Үнэлгээ, Олон улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), 2017 он. (https://www.smefinanceforum.org/sites/default/files/Data%20Sites%20downloads/SME%20Report.pdf)
[2] Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2017 онд гаргасан “Төв Азид Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” нийтлэлд дурдсанчлан (хуудас 47). (https://www.oecd-ilibrary.org/docserver/9789264288133-5-en.pdf?expires=1607683633&id=id&accname=guest&checksum=6128AC11281F3DAC0F5F5747CE96872F)
[3] Өртгийн сүлжээг хөгжүүлэх энгийн зааварчилгаа: Зорилтот салбарт ажлын байр бий болгож, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах нь (ОУХБ), 2015,
[4] www.enterprisesurveys.org. 2020.12.16-нд хандсан.
[5] Сонгодог "харилцан ашигтай" өртгийн сүлжээний санхүүжилтийн жишээ нь санхүүгийн байгууллага худалдан авагчтай (тулгуур бизнестэй) байгуулсан гэрээний үндсэн дээр үйлдвэрлэгчид (ЖДБ) зээл олгож, тулгуур бизнесийн оронд зээл олгож буй явдал юм. Энэ нь тулгуур бизнест эргэлтийн хөрөнгөө зарцуулах боломж олгож, үйлдвэрлэгчийн зээл авах процессийг хөнгөвчлөх (магадгүй илүү сайн нөхцлөөр) бөгөөд санхүүгийн байгууллагад шинэ ЖДБ-ийн үйлчлүүлэгчид зээл олгохдоо хэлцлийн зардлыг бүүруулах боломж олгодог.
[6] Энэхүү хайрцагт дурдсан мэдээллийн эх сурвалж нь: Азийн Хөгжлийн Банкны Институт (АХБИ) Судалгааны ажлуудын цуврал, КАРЕК-ийн Далайд гарцгүй Эдийн засагт өртгийн сүлжээгээр дамжуулан ЖДБ-ийн санхүүжилтийг хөшүүрэг болгон ашиглах нь: Бүгд Найрамдах Киргиз улсын жишээ, Канат Тилекеев, (АХБИ, № 972), 2019 он
[7] Энэ асуудлыг авч үзэхэд дараах нийтлэл гол нөлөө үзүүлсэн: Нийлүүлэлтийн Сүлжээний Санхүүжилт дэх Технологи ба Дижиталчилал (ОУСК), 2020 он.