Зохиогч: RSBP for Mongolia
Хэвлэсэн он, сар, өдөр: 19-12-2022

Коронавирусын цар тахал нь дэлхий даяар жижиг болон хөгжиж буй бизнесүүдэд ноцтой аюул учруулж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тухайн орон нутгийнхаа эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг бөгөөд тэд  цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөнд хамгийн эмзэг байна.
Санхүүгийн байгууллагууд ямар арга хэмжээ авч байна вэ?

Бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд  орон нутгийн иргэдийн хамгийн чухал хэсэг юм. 

Коронавирусын цар тахал нь дэлхий даяар жижиг болон хөгжиж буй бизнесүүдэд ноцтой аюул учруулж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тухайн орон нутгийнхаа эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг бөгөөд тэд цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөнд хамгийн эмзэг байна.

Эмэгтэйчүүд дэлхийн хэмжээнд нийт хувийн бизнесийн 34 хувийг эзэмшиж байна.1 Тэд бусад эмэгтэйчүүдээ ажилд авах магадлал арай илүү2 бөгөөд хүнд хэцүү цагт нийгэмд гол хувь нэмэр оруулах өндөр магадлалтай: бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 70 хувь  худалдаа, үйлчилгээний салбарт, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний салбарт бизнес эрхэлдэг бөгөөд тэдний нэлээд хэсэг нь нийгмийн тогтолцооны хувьд чухал ач холбогдолтой мэргэжлээр ажилладаг.3

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд санхүүгийн  байгууллагуудын анхаарлыг татах үйлчлүүлэгчид  байдаг.

Эмэгтэйчүүдийн төлөөх Санхүүгийн Холбоо (Financial Alliance for Women) сүүлийн таван  жилийн турш эмэгтэйчүүдийн удирдсан бичил, жижиг, дунд бизнесийн байгууллагуудын  зээлээ эргэн төлөх хувь эрэгтэйчүүдийнхээс өндөр байдгийг тогтоосон.4 Үүгээр зогсохгүй  банкны санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг эмэгтэй бизнес эрхлэгчдийн  хэрэгцээнд нийцүүлэн сайн хийж чадвал тухайн байгууллагад санхүүгийн өгөөжтэй  байдгийг баримт нотолгоонууд харуулж байна.5

Эмэгтэй бизнес эрхлэгч үйлчлүүлэгч нартаа өнөөдөр бизнесээ тогтворжуулахад нь болоод  дараа юу хийхээ төлөвлөхөд нь тусалдаг СБ-ууд багцын эрсдэлээ бууруулж,  үйлчлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой. Улмаар эдийн засаг сэргэхийн хэрээр  урт хугацааны үнэнч байдлыг бий болгож чадна.

Санхүүгийн байгууллагууд бизнес эрхлэгч нарт  дэмжлэг үзүүлэх замаар хямралын эсрэг хариу арга  хэмжээ авч эхэлсэн.

Ковид-19-ээс үүдэлтэй хямралын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд дэлхийн банк,  санхүүгийн байгууллагууд бизнес эрхлэгч үйлчлүүлэгчиддээ зээлийн эргэн төлөлтийг  хойшлуулах, цахим төлбөр тооцооны сувгууд руу  шилжихэд туслах, төлбөр хураамжаас  чөлөөлөх  хэлбэрээр бодитой тусламж үзүүлж эхлээд байна. Зарим байгууллагууд эдгээрээс  гадна эмэгтэй бизнес эрхлэгчдэд хямралыг даван туулахад туслах зорилгоор санхүүгийн  бус  дэмжлэг тусгайлан үзүүлж байна. Санхүүгийн байгууллагууд, экосистемийн бусад тоглогчдын зүгээс хямралын эсрэг ирээдүйтэй хариу арга хэмжээнүүдийг авч эхэлж байна.

Ковид-19 эмэгтэй, эрэгтэй хүмүүст харилцан адилгүй нөлөөлж байна.

Нэлээд хэдэн бүс нутагт хийсэн бизнес эрхлэлт болон жендэрийн судалгаанууд нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд  зарим зайлшгүй хязгаарлалтуудын дунд, тэдгээрт зохицож үйл ажиллагаагаа явуулдаг болохыг тогтоосон.6 Эдгээр хязгаарлалтууд нь орчны болон нийгмийн хүчин зүйлүүдээс үүдэлтэй бөгөөд эдгээр нь эмэгтэйчүүдийн чадвар угийн хүрэхгүй гэх асуудал биш юм. Үүнийг санхүүгийн бус хэрэгцээгээр тайлбарлаж болох бөгөөд зохих анхаарлыг хандуулснаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хямралыг даван туулах чадвартай болж, ирээдүйгээ төлөвлөхөд нь тусалж, тасралтгүй өсч хөгжих боломж олгоно.

Эмэгтэй удирдлагатай бизнесийн байгууллагууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас голчлон хамаарсан гурван төрлийн хязгаарлалтад өртдөг:

1

Хамгийн сайхан цаг үед ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эдийн засгийн шоконд илүү өртөмтгий байдаг; КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Өнөөгийн хямралын санхүүгийн болзошгүй нөлөө бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хямралыг даван туулах чадвартай болоход аль болох хурдан туслахыг шаардаж байна. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд цөөн тооны хөрөнгө эзэмшдэг бөгөөд тэд илүү жижиг, ашиг орлого багатай бизнес эрхэлдэг. Түүнчлэн статистик мэдээнээс дүгнэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү вирусыг тэсэх чадвартай харагдана. Энэ нь цар тахлын дараа илүү олон эмэгтэй гэр бүлээ тэжээх (ганцаараа) үүрэг хүлээж магадгүй гэсэн үг юм.7

Цаашлаад Дэлхийн банк дэлхийн мөнгөн гуйвуулга 20 хувиар буурна гэж таамаглаж буй нь сүүлийн үеийн түүхэнд байгаагүй огцом бууралт юм.8 Дэлхий даяар мөнгөн гуйвуулга хүлээн авагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. 2009 оны эдийн засгийн хямралын үеэр мөнгөн гуйвуулга буурч байсан нь жендэрийн тэгш байдалд ерөнхийд нь нөлөөлөөд зогсохгүй өрхийн халамж, охидын сургуульд элсэхэд сөрөг нөлөө үзүүлж байжээ.9

 2

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд олон төрлийн бизнесийн хүрээлэлтэй, ментортой байх нь бага. 

Бизнесийн хүрээлэл нь бизнесийн өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг: Үр дүнтэй эрх тэгш гишүүдийн хүрээлэл (peer network) нь орлогын өсөлтөд  ч, ажлын байр бий болгоход ч дэмжлэг болдог.10 Бизнесийн хүрээлэл илүү хүртээмжтэй, түүнийг бизнес эрхлэгч нар ашиглаж чаддаг  бага дунд орлоготой улс орнуудын хувьд бизнесийн тогтвортой байдалд жендерийн ялгаа бага байдаг.11 Гэсэн ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хүрээлэл нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад  хамаагүй жижиг, олон янзын биш байдаг. Энэ нь тэдний бизнесийн мэдээллийг цаг тухайд нь олж авах чадварт болоод холбогдох инновацийн талаар суралцах, худалдан авагчид, нийлүүлэгчид төдийгүй өөртэйгөө адил бусад бизнес эрхлэгчдээс суралцах, туршлага солилцох, тэдэнтэй холбогдоход  саад учруулж байдаг. 

Мөн эмэгтэйчүүдэд мэдэхгүй, чадахгүй зүйлд нь чиглүүлж туслах ул үндэстэй заавар, зөвлөгөө өгөх ментор эсвэл үлгэр жишээ авах хүн бараг байдаггүй. Цар тахлаас шалтгаалсан тусгаарлалтын байдал эмэгтэйчүүдийн мэдлэг, мэдээллийн эх үүсвэртэй холбогдох хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байна.

3

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд цаг хугацаа хүрэлцэхгүй байх явдал үргэлж гардаг. Цар тахлын улмаас тогтвортой ажиллах, хямралын эсрэг амжилттай хариу арга хэмжээ авахад туслах шийдэл, нөөц боломжийг эрж хайхад тэдний зарцуулах цаг хугацаа улам бүр багасч байна.

Эмэгтэйчүүд хэзээнээсээ гэр бүлээ халамжлах үүрэг хариуцлагыг ямагт илүү үүрч байдаг–гэр бүлээ асарч халамжлахад эмэгтэйчүүдээс илүү цаг зарцуулдаг эрэгтэйчүүдтэй улс орон дэлхийн хаана ч байхгүй.12 Өнөөгийн хямрал сургуулиудыг хааж, гэр бүлүүдийг тусгаарлахыг шаардаж байна. Ийм нөхцөлд хүүхэд харах, өвчтэй гэр бүлийн гишүүдээ асарч халамжлах үүрэг ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд оногддог. Энэ нь тэднийг бизнесээ удирдан явуулахад өмнөхөөсөө ч бага цаг хугацаа зарцуулахад хүргэж байна.

Санхүүгийн байгууллагууд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагыг ойлгосноор тэдэнд хямралыг даван туулах; тэднийг мэдлэг, мэдээлэлтэй холбох; холбогдох арга хэмжээ авахад шаардагдах арга хэрэгслээр хангахад туслах боломжтой.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд одоогийн нөхцөл байдлаа хэрхэн үнэлэх, бизнесийнхээ оршин тогтнож  үлдэх арга замыг хэрхэн тодорхойлох, ирээдүйгээ хэрхэн төлөвлөх тухай мэдээлэл, заавар, зөвлөгөө хэрэгтэй байна. Тэд үүнийг ашиглахад хялбар, найдвартай эх сурвалжаас авах хэрэгтэй. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд хямралыг даван туулахад нь туслах бүрэн боломжтой байр суурь эзэлдэг. Орон нутгийн эдийн засгийг тогтворжуулахад туслахаас гадна багцын эрсдэлийг бууруулж, харилцагчтай тогтоосон харилцаа холбоог гүнзгийрүүлэх боломжтой. СБ-ууд бизнес эрхлэгч нарыг дэмжсэн санхүүгийн нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгох боломжтой бөгөөд зарим нь жендэрийн зөвлөхүүдийн тусламжтайгаар аль хэдийн нэвтрүүлж эхэлсэн.

Хямралын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд эхлүүлсэн, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цахим сургалт, арга хэрэгслүүдийн жишээ

Олон арилжааны банкууд тухайлбал, Бүгд Найрамдах Доминикан улсын Банко Би Эйч Ди Леон болон Бангладешийн БРАК банкууд эмэгтэй бизнес эрхлэгч харилцагч нартаа зориулан цар тахлын үеийн стратеги, бизнес төлөвлөлт зэрэг сэдвээр тусгай вебинар зохион байгуулж эхэлсэн.

Австралийн Вестпак банкны корпораци нь бизнесийн байгууллагуудад Ковид-19-ийн хямралын нөхцөл байдалд дасан зохицоход нь туслах зорилгоор ЖДБ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний онлайн гарын авлагыг гаргалаа. Үүнээс гадна тус байгууллагын эмэгтэй харилцагч нартаа зориулсан Руби Коннекшн онлайн төв гэж байдаг. Тус онлайн төв нь эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хэлэлцээр хийх, гэрээсээ ажиллахад дасан зохицох талаар цагаа олсон зөвлөгөө мэдээллүүдийг санал болгож байна.

Африкийн Менежерүүдийн Хүрээлэн нь бизнесийн байгууллагын ур чадвар, чадавхийг хөгжүүлэхэд чиглэсэн цаашид өргөжүүлэх боломжтой шийдлийг боловсруулсан. Тэд татаж авах боломжтой 90 минутын вебинарыг эдийн засгийн уналтын үед санхүүгийн таамаглал дэвшүүлэх, зардлын зохицуулалт хийхэд бизнес эрхлэгчдэд туслах арга хэрэгслүүдтэй хослуулан Ковид-19-ийн үед бизнесүүдийн оршин тогтнож үлдэх цогц аргыг боловсруулсан.

 

Коста Рикагийн Үндэсний Банк нь бизнесүүдийг дэмжих зорилгоор интернет худалдааны портал ажиллуулж эхэлсэн

НИДИ платформын тусламжтайгаар худалдааны байгууллагууд бүтээгдэхүүнээ хялбархан танилцуулах, бараа материалын нөөцийг удирдах болон худалдан авагчидтай гүйлгээ хийх боломжтой. Хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд уг порталыг сошиал сүлжээнд нэгтгэсэн. Портал дээрх бизнес эрхлэгчид онлайн худалдаа, маркетингийн талаар онлайн сургалтад хамрагдах боломжтой
 

Гүржийн ТиБиСи банк бизнес эрхлэгч үйлчлүүлэгч нартаа өөрсдийн дэлгүүрийг онлайн хэлбэрт шилжүүлэхэд тусалдаг

Тус банк худалдааны байгууллагуудад онлайн дэлгүүрээ хурдан байгуулах, орон нутгийн зах зээлийн платформ дээр бүтээгдэхүүнээ байршуулахад туслах багц үйлчилгээг гаргасан. Үүнд онлайн дэлгүүр байгуулах арга хэрэгсэл, гэрэл зурагчны үйлчилгээ, төлбөрийн системийг нэгтгэх, хүргэлтээр дэмжих зэрэг багтана.

Дараах зөвлөмжүүд нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хэрэгцээнд үндэслэсэн боловч бүхий л  БЖДБ- ийн салбарт нийтэд нь ашиг тустай байх боломжтой.

Санхүүгийн байгууллагууд юу хийж чадах вэ?

  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хэрэгцээг ойлгох: Бизнесийн салбар болон санхүүгийн зан байдлын хувьд жендэрийн ялгаатай байдлыг тодорхойлохын тулд багцын мэдээлэлд хүйсээр ангилсны үндсэн дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Дараа нь гол асуудал болон хэрэгцээг тодруулахын тулд богино судалгаа явуулна. Шийдэл боловсруулахад эмэгтэйчүүдийг оролцуулах буюу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс тэдэнд юу хэрэгтэй байгааг асууж, тохирох арга хэмжээ авч хэрэгжүүлээрэй.13
  • Найдвартай мэдлэг, мэдээллийг хүргэхийн тулд итгэлцлийг гол хөшүүрэг болгох: Санхүүгийн бүтээгдэхүүн, зээлийн бодлогын шинэ мэдээллийг хүргэхээс гадна холбогдох салбарын болон зохицуулалтын талаарх шинэ мэдээллүүд, үйлчлүүлэгчдэд бизнесээ авч үлдэхэд туслах арга хэрэгслүүдийг хүргэхэд боломжит бүх сувгийг ашиглаарай. Хэрэв дижитал сувгуудыг ашиглах боломжтой бол онлайн зөвлөгөө өгөх нь эсвэл бизнесийн ур чадвар чадавхийг бэхжүүлэх нь гэх зэргээр эх сурвалжуудын холбоосыг оруулаарай. Нөхцөл байдал бүрт тохирсон аль болох олон суваг ашиглахыг оролдох: СБ-ын вэбсайт болон олон нийтийн сүлжээний нэгэн адил зээлийн мэргэжилтнүүд мэдээлэл түгээх гол хөшүүрэг болж болно.
  • Бизнесийн оршин тогтнох стратегийг дэмжихэд чиглэсэн контент: Эмэгтэйчүүдийн зах зээлийг идэвхтэйгээр програмчилж буй тэргүүлэгч банкууд бизнесийн оршин тогтнох стратеги, мөнгөн урсгалын зохицуулалт, бизнесийн үндсэн чиглэлийг өөрчлөх болон цахим боловсролын дижитал модулиудыг ашиглаж эхлээд байна.
  • Мэдлэг, чадварыг бэхжүүлэхийн зэрэгцээ оролцоог идэвхжүүлдэг дижитал хэрэгслүүдийг ашиглах: Үр дүнтэй хариу арга хэмжээнд бизнес эрхлэгчээс гадна түүний эрхэлж буй бизнесийг авч үздэг. Оролцогчдыг бие биетэйгээ харилцах, туршлага хуваалцах, холбоотой байх зэрэгт идэвхжүүдэг дижитал хэрэгслүүд үнэхээр үнэ цэнэтэй байж магадгүй.
  • Цахим худалдаа руу шилжих хөдөлгөөнийг дэмжих: Худалдааны салбарт эмэгтэйчүүд эрчүүдээс хорин хувиар илүү байдаг.14 Томоохон онлайн зах зээлийн платформууд нь ихэвчлэн платформыг ашиглахаас гадна худалдаачдад чадвар эзэмшүүлэх сургалт санал болгодог, тухайлбал, санхүүгийн байгууллагууд онлайн худалдаа эрхлэгчдэд дижитал төлбөрийн шийдэл, орон нутгийн зах зээлийн платформуудын боломж дэмжлэгийн тухай мэдээлэлтэй харилцагчдыг холбох үйлчилгээг санал болгож болно. Зах зээлийн томоохон платформ байхгүй газарт, санхүүгийн байгууллагууд нь үйлчлүүлэгчдэд өөрийн гэсэн цахим худалдааны сайт хөгжүүлэхэд нь туслах, эсвэл БЖДБ-ийн салбарынхан бүтээгдэхүүнээ худалдаж болох цахим порталыг хөгжүүлэхэд нь тусалж болох юм..
  • Харилцагч нартаа илүү тохирсон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлтгэх: Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй олон зээл олгогч байгууллагууд нь зээлийн бүтцийн өөрчлөлт, эргэн төлөлтийг царцаах, зээлийн хүүг бүүруулах гэх мэт санхүүгийн түр зуурын дэмжлэгийг бизнес эрхлэгч харилцагч нартаа санал болгодог. Хямрал гүнзгийрэх тусам, олон БЖДБ-үүдэд цаашид оршин тогтнож үлдэхэд илүү тохирсон, урт хугацааны дэмжлэг хэрэгтэй болох нь тодорхой болж байна. Үүнийг хангахын тулд санхүүгийн байгууллагууд харилцагчдынхаа санхүүгийн нөхцөл байдал, хэтийн төлвийг нэг бүрчлэн  шинжлэх дотоод хүчин чадлаа бэхжүүлэх хэрэгтэй бөгөөд энэ нь эцэстээ зээлдүүлэгч болоод зээлдэгчид хоёуланд ашигтай нөхцөлийг бүрдүүлэх тусгайлан тохируулсан, тогтвортой шийдлүүдийг боловсруулах боломж олгох болно.

Мэдээж, санхүүгийн байгууллагуудын хувьд жендэрийн асуудал чухал гэдэг нь ойлгомжтой!

Санхүүгийн байгууллагуудад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд Ковид-19 цар тахлын нөлөөг даван туулж, тэсч үлдэхэд болон ирээдүйгээ төлөвлөхөд нь дэмжлэг болох онцгой нөөц боломж бий. Цаашлаад тухайн орон нутгийн эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн салбарын багцын эрсдэлийг бууруулахад нөлөөлөх боломжтой. Энэ нь мөн харилцагчдын оролцоо, санхүүгийн байгууллагуудын хувьд харилцагчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэх бөгөөд урт хугацаандаа үр ашигтай байх болно .

Банк, бусад санхүүгийн байгууллагуудын хувьд өнөөгийн хямралыг даван туулахад эмэгтэйчүүдийг дэмжих нь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн чухал алхам төдийгүй сайн бизнес юм.

 

 

Эх сурвалжууд

1 Дэлхийн Банк, Бизнес эрхлэлтийн Судалгаа,  2019.

2 Дэлхийн Банк Групп, Инноваци, Технологи, Бизнес эрхлэх Бодлогын баримт бичиг, Өсөлтөд чиглэсэн Эмэгтэйчүүдийн Бизнес Эрхлэлтийг Дэмжих нь: Баримт, Гол Сорилтуудын тойм, 2014.

3 Дэлхийн Бизнес Эрхлэлтийн Мониторинг 2018/2019, Эмэгтэйчүүдийн Тайлан, 2019.

4 Эмэгтэйчүүдийн төлөөх Санхүүгийн Холбоо, Эмэгтэйчүүдэд зориулсан Банкны Эдийн засаг, 2019; ОУСК, Эмэгтэйчүүдийн бизнест зориулсан банкны үйлчилгээний кейс Шинэчилсэн хувилбар #2: Эмэгтэй удирдлагатай ЖДБ-үүдийн чанаргүй зээлийн хувь хэмжээ бага байдаг нь, 2019.

5 Эмэгтэйчүүдийн төлөөх Санхүүгийн Холбоо Кейс Судалгаа: Ливан улсын BLC Банк, 2016; Туркийн TEB Банк, 2017.

6 Их Британийн Сангийн яам, Эмэгтэйчүүдийн Бизнес эрхлэлтийн талаарх Алисон Рөүзийн Дүгнэлт, 2019; Дэлхийн Банк, Тэгш эрхээс ашиг хүртэх нь, 2019; Бостон Консалтинг Групп, Дэлхийн эдийн засгийг 5 их наяд доллараар өсгөхийг хүсч байна уу? Эмэгтэйчүүдийг Бизнес эрхлэгчийн хувиар дэмжээрэй, 2019; Дэлхийн Эдийн засгийн Форум, Дэлхийн Жендэрийн Зөрүүтэй байдлын тайлан, 2020.

7 Шинжлэх ухааны Сэрэмжлүүлэг, Яагаад КОВИД-19-ийн улмаас эрэгтэйчүүд нас барах нь их байна вэ – Генетик судлаачийн тайлбар, 2020.

8 Дэлхийн Банкны Хэвлэлийн Мэдээ, Дэлхийн Банк мөнгө гуйвуулга сүүлийн үеийн түүхэнд байхгүй огцом буурна гэж таамаглаж байна, 2020 оны Дөрөвдүгээр сар

9 Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Жендэр, Шилжилт хөдөлгөөн, Мөнгөн гуйвуулга, 2010.

10 Argidius Сан, Сүлжээ бий болгох нь үр дүнтэй: Гишүүнээс-гишүүнд Бизнесийн Сүлжээ нь жижиг болон хөгжиж буй бизнесүүдэд орлогоо нэмэгдүүлж, ажлын байр бий болгоход тусалдаг, 2019.

11 Бостон Консалтинг Групп, Дэлхийн эдийн засгийг 5 их наяд доллараар өсгөхийг хүсч байна уу? Эмэгтэйчүүдийг Бизнес эрхлэгчийн хувиар дэмжээрэй, 2019.

12 Дэлхийн Эдийн засгийн Форум, Дэлхийн Жендэрийн Зөрүүтэй байдлын тайлан, 2020.

13 НҮБ Эмэгтэйчүүд видео, Эмэгтэйчүүдийн хэрэгцээг COVID-19-ийн хариу арга хэмжээнд хамруулах дөрвөн үндсэн арга хэмжээ, 2020.

14 Дэлхийн Бизнес Эрхлэлтийн Мониторинг 2018/2019 Эмэгтэйчүүдийн тайлан, 2019.