"ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХИЙН ТУЛД БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд сүүлийн арван жилд тогтворгүй байсан хэдий ч өсөлтийн хувь ер бусын өндөр байлаа. Хэдийгээр томоохон ахиц дэвшил гарсан ч Монгол Улс уул уурхайгаас гадна тэгш өрсөлдөөнтэй, илүү бүтээмжтэй хувийн хэвшлийг бий болгох бизнесийн таатай орчныг бэхжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч, хэд хэдэн томоохон шинэчлэлийг хэрэгжүүлсэн. Саяхан батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлого" нь дунд хугацааны эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүдийг цаашид шийдвэрлэх зорилготой юм. Бизнесийн орчин нь тухайн улсын өрсөлдөх чадварын зөвхөн нэг элемент боловч хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлдэг. Бизнесийн орчны чанар нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хууль эрх зүйн орчныг бий болгохыг зорьж буй улс орнуудын өрсөлдөөний чухал элемент болсон.
Энэ хүрээнд энэхүү тайланд Монгол Улсад аж ахуйн нэгжийг бий болгох, хөгжүүлэхэд нөлөөлж буй бодлого, зохицуулалтын тогтолцоог дүгнэж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нөлөөллийг сайжруулахад чиглэсэн багц зөвлөмжийг оруулсан болно. Энэхүү тайлан нь Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, хувийн хэвшлийн хөгжилд шинэ хандлагыг бий болгохыг уриалж байна. Нэгдүгээрт, компаниудын өөрт байгаа боломж, бизнесийн шинэ үйл явц, бүтээгдэхүүн, зах зээл, технологийн боломжийг дээд зэргээр ашиглахад шаардлагатай инновацийг дэмжих зорилгоор компаниуд хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх шааардлагатай. Хоёрт, төрийн үйлчилгээнд анхаарал хандуулах нь зах зээлийг ажиллуулах гол түлхүүр юм. Гуравт, уул уурхайн бус үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор олон улсын худалдаанд учирч буй саад тотгорыг багасгаж, дотоодын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарах хэрэгтэй байна."
Олон улсын сэргээн босголт, Xөгжлийн банк/Дэлxийн банкны мэргэжилтнүүдийн бүтээл болох энэхүү тайланг энд дарж Монгол хэл дээр хүлээн авна уу.
Энэхүү тайланг Англи хэл дээр уншихыг хүсвэл энд дарна уу.
Эх сурвалж: Тиласони Бенжамин Мусуку, Болдын Жавхлан , Ганбатын Эрдэнэбулган болон Төмөрийн Сүхчимэг, Монгол Улсын Бизнесийн Орчин Ба Өрсөлдөх Чадварын Үнэлгээний Тайлан : Эдийн Засгийг Сэргээхийн Тулд Бизнесийн Орчны Шинэчлэлийг Хэрэгжүүлэх нь. Дэлхийн банк