Товчилсон үг, хэллэг
Товчилсон үг, хэллэг |
Тайлбар |
AI |
Хиймэл Оюун Ухаан |
AISP |
Дансны Мэдээллийн Үйлчилгээ Үзүүлэгч |
AML/CFT |
Мөнгө угаахын эсрэг болон Терроризмыг санхүүжилттэй тэмцэх |
API |
Хэрэглээний Програмчлалын Интерфейс |
B2C, B2B, C2C |
Бизнесээс Хэрэглэгчид, Бизнесээс Бизнест, Хэрэглэгчээс Хэрэглэгчид |
CBS |
Банкны Үндсэн Систем |
DFA |
Цахим Аппликейшн |
DFS |
Санхүүгийн цахим үйлчилгээ |
FI |
Санхүүгийн байгууллага |
MIS |
Мэдээллийн Удирдлагын Систем (банкны үндсэн систем болон бусад систем) |
mPOS |
Мобайл ПОС (Борлуулалтын цэг) |
MNO |
Үүрэн Телефон Оператор Компаниуд |
MSME |
Бичил болон Жижиг, Дунд Бизнес Эрхлэгчид |
PSD2 |
Төлбөрийн үйлчилгээний удирдамжийн шинэчилсэн хувилбар |
PSP |
Төлбөрийн Үйлчилгээ Үзүүлэгч Байгууллага |
P2P |
Peer to peer |
QR code |
QR код |
VAS |
Нэмүү Өртөг Шингээсэн Үйлчилгээ |
Хураангуй
Энэхүү бүтээлд зохиогч нь санхүүгийн байгууллагуудын аажмаар нэвтрүүлэн эхлүүлж буй цахим шинэчлэлийн талаарх асуудлуудыг хөндсөн болно. Уг бичвэр материалын зорилго нь энэхүү ойлгоход төвөгтэй технологийн ойлголт, өргөн тархсан үг хэллэгүүд болон санаачилгуудыг задлан ойлгоход туслах явдал юм. Зохиогч нь шилжилтийн эдийн засаг бүхий улс орнууд, ялангуяа Төв Азийн орнуудын санхүүгийн байгууллагуудын хувьд нэн чухал ач холбогдол бүхий асуудлуудад голчлон анхаарсан болно.
Зохиогч хөгжингүй орнуудын зах зээл дэх зарим ерөнхий чиг хандлагуудыг тайлбарласан бөгөөд шилжилтийн эдийн засагтай улс орнуудад ирээдүйд хамааралтай болохуйц шинэ тутам ашиглагдаж эхлээд буй нэр томьёо, салбарын стандартуудыг танилцуулж, digitization [дижиталчлал] болон digitalization [цахимжуулалт]-ын хоорондох ялгааг тайлбарлаж, digital transformation [цахим шинэчлэл]-ийн тухай үндсэн ойлголтуудыг мөн тайлбарласан байна. Улмаар зохиогч гол ойлголтуудаа тайлбарлахын тулд зарим нэг жишээг татан харуулсан ч, ямар нэг байдлаар эдгээр жишээг үнэлэн дүгнэхийг оролдоогүй болно. Түүнчлэн, энэ бүхний эцэст зохицуулагчдын үүрэг ролийн талаар авч үзсэн ба жишээ болгон PSD2 [төлбөрийн үйлчилгээний удирдамжийн шинэчилсэн хувилбар] хэрхэн Европын банкнуудын үйл ажиллагаанд нөлөөлж буйг тайлбарласан юм.
Зохиогчийн хүргэхийг зорьсон өөр нэг гол санаа бол цахим хувьсал хийх бүх байгууллагад бүрэн дүүрэн тохирсон тогтсон арга зам байхгүй бөгөөд энэ нь тухайн орны зах зээлийн дотоод нөхцөл байдал, санхүүгийн байгууллагын зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөөний түвшин, зах зээлийн бүтэц болон санхүүгийн байгууллагын стратеги зорилтууд зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан оновчтой арга барил тодорхойлогдоно. Үүний зэрэгцээ зохиогч нь ямар нэг арга хэмжээ авахгүй байх нь сонголт биш гэдгийг тайлбарласан бөгөөд санхүүгийн байгууллагуудын удирдлагуудад хэрэгжүүлж болохуйц стратегийн түвшний практик зөвлөгөөг хүргэхэд зорьсон болно.
Digitization, Digitalization and Digital Transformation
Нэр томьёо, хэллэг
Энэ хэсэгт гол ойлголтуудыг задлан танилцуулж байна. Эдгээр нэр томьёог ихэнх тохиолдолд андуурах, буруу ташаа ойлгох явдал байдаг ч цахим хувьсал хийх явцад хэрэглэх нь ач тустай.
Дижиталчлал
Digitization [дижиталчлал] гэдэг нь аналог форматад хадгалагдсан өгөгдөл мэдээлэл (цаасан дээр, дуу, зураг г.м.)-ийг цахим хэлбэрт хувирган шилжүүлнэ гэсэн үг юм. Ингэснээр компьютер эдгээр мэдээ, мэдээллийг хадгалах, ойлгох, цаашид ашиглах боломжтой болно гэсэн хэрэг. Ихэнх санхүүгийн байгууллагууд олон арван жилийн турш өөрсдийн үйл ажиллагааны мэдээллийг автоматжуулах болон хадгалах зорилгоор банкны үндсэн систем болоод удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлж ашигласаар ирсэн. Зарим байгууллагууд, ялангуяа бичил санхүүгийн салбарын байгууллагууд цахим аппликейшныг 10 гаран жилийн өмнөөс өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Тэд өөрсдийн ажилтнуудад (зээлийн мэргэжилтэн болоод харилцагчийн үйлчилгээний ажилтнууд) таблет, ухаалаг гар утас гэх мэт цахим төхөөрөмж ашиглан харилцагчийн бизнесийн газарт зочлох явцдаа анхдагч өгөгдөл мэдээллийг цахим хэлбэрээр газар дээр нь цуглуулан хадгалах боломжийг олгодог байна. Энэ нь аажмаар цаасан маягтуудыг халж өгөгдлийн илүү сайн чанар, бизнесийн илүү шуурхай үйл ажиллагааг (тухайлбал, зээл олголт / шийдвэр гаргалт гэх мэт) ханган ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.
Үүний сацуу, илүү их системтэй, оновчтой байдлаар хэрэглэгчдийн бизнесийн талаарх мэдээ мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийснээр нийт зээлийн багцын чанарыг сайжруулах болон зээл олголтын хугацааг багасгаж чадсан. Нэгэнт цуглуулсан харилцагчийн мэдээллийг систем нь боловсруулан, нарийвчилсан байдлаар зээлийн хороо буюу зээлийн шийдвэр гаргагчдад тайлагнадаг байна. Хэрэв зээлийн үнэлгээний үйл явц нь цахимжсан бол зээл үнэлэлт болон олголтын үйл явц бүгд автоматаар хийгддэг. Мэдээллийг тоон технологид шилжүүлэх үйл явцыг мөн мобайл болон интернэт банкаар дамжуулан хийх боломжтой бөгөөд энэ нь санхүүгийн байгууллагуудыг салбар төлөөлөгчийн газраар дамжуулан харилцагчдаа хүрэх хэрэгцээг бууруулахын зэрэгцээгээр харилцагчдын цахим ул мөрийг улам гүнзгийрүүлэх боломжийг олгодог.
Big Data 1 энэ ойлголт нь сүүлийн жилүүдэд маш их яригдах болсон. Энэ ойлголтын зарим асуудлууд нь хамааралтай, мөн ирээдүйтэй хэдий ч зарим санхүүгийн байгууллагууд нь эхлээд зохих мэдээллийн бодлого болон стратеги тодорхойлолгүйгээр хөрөнгө оруулалт хийж эхлэх нь олонтоо байдаг. Тиймээс бид нэн тэргүүнд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна:
- Мэдээллийн бодлого стратеги: байгууллагын түвшинд мэдээллийн бодлого, стратегийг тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг бүхий бизнесийн хэлтэс нэгжийг байгуулах;
- Мэдээллийн сан бэлтгэх ба хадгалах: санхүүгийн байгууллагын хувьд ямар мэдээллүүд бэлэн байгаа? Эдгээр мэдээллүүд нь хаана байршиж (ямар системд хадгалагдсан) байдаг? Хамгийн чухал нь ямар мэдээлэл шаардлагатай байдаг хэдий ч өгөгдөл мэдээллийг цуглуулдаггүй (эсвэл тоон хэлбэрт хувиргаж амжаагүй)? зэрэг асуултуудад хариулах хэрэгтэй. Эцэст нь шаардлагатай өгөгдөл мэдээллийг олж авах стратегийг боловсруулах;
- Мэдээллийн чанар: өгөгдөл мэдээллийн давтагдсан байдал, хэрэгцээгүй болон нийцэмжгүй байдал зэрэгтэй холбогдон гарах бэрхшээлийг арилгах, засан залруулах;
- Мэдээллийг цэгцтэй байдал, өөрөөр хэлбэл шаардлагатай мэдээлэл өгөгдлүүд нь ач холбогдлоор ангилагдсан, цэгцтэйгээр бэлтгэгдсэн байх. Түүнчлэн мэдээ, мэдээлэл нь бизнесийн удирдлагын хувьд ашиглахад хялбар (нарийвчилсан, дүн шинжилгээний тайлан г.м. хэлбэрээр) практик хэрэглээтэй байх.
Мэдээллийг тоон технологид хувиргах нь цахим шинэчлэл хийх аяллын эхний бөгөөд хамгийн чухал алхам юм. Бас энэ алхам нь эцэс төгсгөлгүй. Учир нь шинээр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх явцад шийдвэр гаргагчид өгөгдөл мэдээллийг тоон технологид нийцүүлэх шаардлагыг ихэнх тохиолдолд мартдаг байна. Үр дүнд нь тэд мэдээлэл өгөгдлийн цаасан хэлбэрийг дахин ашиглаж эхэлдэг байна. Иймээс цаасан дээрх мэдээллийг системтэйгээр багасгах нь өөрөө нэлээд цаг хугацаа шаарддаг байна.
Цахимжуулалт
Digitalisation [цахимжуулалт] гэдэгт цахим сувгуудаар дамжуулан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхийг хамруулан ойлгодог. Ингэж бүтээгдэхүүн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхдээ санхүүгийн байгууллагууд нэг бол өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан эсвэл бусад санхүүгийн байгууллагууд болон компаниудтай түншлэх замыг сонгодог. Доорх 2 жишээ схем нь санхүүгийн цахим үйлчилгээг хүргэж буй цахим худалдаа болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд тулгуурлан зурагдсан болно. Өөр нэг түгээмэл аргуудын нэгээр үүрэн сүлжээний оператор компаниудаар дамжин хийгддэг “mobile wallet” хэмээх жишээг нэрлэж бас болно.
Кэйс 1: СБ үүсгэсэн цахим худалдааны платформ
Зураг 2: Санхүүгийн байгууллагын бий болгосон цахим худалдааны платформ
Дээрх жишээнд нэлээд төлөвшсөн зах зээл дээрх жижиглэн худалдааны үйл ажиллагаанд банкны оролцоо давамгайлсан байдлыг харуулсан юм. Банкны бичил болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид (БЖДҮ) болон бусад харилцагчид хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд банкууд нь БЖҮД-дэд зориулан цахим дэлгүүр (нэмүү өртөг шингэсэн үйлчилгээ) байгуулах, бараа бүтээгдэхүүнээ борлуулан, төлбөрөө цахим байдлаар хүлээн авах боломжийг олгож байна. Банкны бусад харилцагчид БЖДҮ-ийн үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээнээс худалдан авалт хийх боломжтой ба энэ тохиолдолд банкнаас санал болгож буй цахим худалдаанд зориулагдсан хэрэглэгчийн зээлийг ашиглах боломжийг бас бүрдүүлж байгаа юм. Ингэснээр тухайн харилцагчид банкны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн дэмжиж байгаа хэрэг юм.
Энэ төрлийн схемийн хоёрдогч давуу талууд:
- Бүх худалдаа, гүйлгээтэй холбоотой мөнгөн хөрөнгө нь тухайн банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэнэ (худалдан авалт хийгдсэн тохиолдолд мөнгө нь тухайн харилцагчийн тухайн банкин дахь данснаас БЖДҮ-ийн данс руу шилжих байдлаар);
- Санхүүгийн байгууллага өөрийн харилцагчдын тухай мэдээллийг өргөжүүлэх (банкны харилцагчийн хувьд хэрэглээний зан төлөвийн талаарх, БЖДҮ-ийн хувьд тэдний худалдааны эргэлтийн талаар сайтар ойлгож авах боломжийг давхар олгодог).
Цахим худалдааны загвар нь зөвхөн бизнес болон хэрэглэгч хоорондын (B2C) зах зээлийн хувьд боломжтой биш бөгөөд худалдааны энэхүү загвар нь бусад зах зээл дээр ч мөн ашиглагдах боломжтой. Тухайлбал, B2B бизнес хоорондох зах зээлд (энэ платформоор дамжуулан бөөний худалдаачид өөрийн бүтээгдэхүүнээ аль нэг банкны харилцагч болох жижиг фермерүүдэд нийлүүлэх г.м.). Тэрчлэн энэхүү загварыг хэрэглэгч хоорондын (C2C) зах зээл дээр харилцагч хоорондын гүйлгээг жишээ нь бага хэмжээний арилжааны гүйлгээг дэмжих зорилгоор ашиглаж болно. Мөн бид санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж болох худалдах, худалдан хийгдэж болох худалдааны P2P платформын загварын талаар ч бодож болох юм. Энэ тохиолдолд харилцагч хоорондын гүйлгээг хялбаршуулах өргөжүүлэх зорилгоор санхүүгийн байгууллага нь зээл болон цахим төлбөрийн үйлчилгээг санал болгож болно.
Кэйс 2: Цахим төлбөр тооцооны платформ
Янз бүрийн хөгжлийн түвшинтэй зах дээл дээрх зарим финтек төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд (PSP) нь БЖДҮ-дэд цахим төлбөрийн үйлчилгээг карт (ялангуяа mPos ашиглан), QR код эсвэл нийгмийн сүлжээ ашиглан шилжүүлэг хийх зэрэг бусад арга хэрэгслээр дамжуулан санал болгодог. Өнгөрсөн хугацаанд олон тооны бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид борлуулалтын төлбөрөө зөвхөн бэлэн мөнгөөр хүлээн авч байснаас үүдэлтэйгээр тэдний үйл ажиллагаанд тохирох зээлийн зохистой хэмжээг тогтооход нэн шаардлагатай борлуулалтыг тодорхойлох найдвартай мэдээллийн эх үүсвэр болох бүртгэл баримт бий болдоггүй байв. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын санал болгож буй энэхүү цахим төлбөрийн үйлчилгээг ашигласнаар БЖДҮ нь өөрийн бизнесийн үйл ажиллагааны түвшнийг баталгаажуулаад зогсохгүй улмаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд эсвэл хамтрагч СБ-ийн санал болгож буй зээлийн бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой болж байна.
Зарим финтек компаниуд нь БЖДҮ-ийн талаарх мэдээ мэдээллийг бусад эх сурвалжуудыг ашиглан олж авах боломжтой байдаг. Үүнд, бизнес хэрэглэгч хоорондын (B2C) цахим худалдааны глобал платформууд эсхүл тээвэр зуучийн компаниа зэрэг мэдээллийн боломжит эх үүсвэрүүд багтана. Мөн финтек компаниуд нь БЖДҮ-дэд зориулан нэмүү өртөг шингэсэн үйлчилгээ хэлбэрээр бараа материалын бүртгэл болон нягтлан бодох бүртгэлийн онлайн шийдлүүдийг санал болгож байна. Ингэснээр эдгээр шийдлүүдийн ашиглалтын мэдээлэл дээр тулгуурлан тухайн бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг судлах боломжтой болно. Хэрэв тухайн БЖДҮ нь банканд данс нээлгэж амжаагүй бол бол тухайн финтек компанитай хамтран ажиллагч банкууд нь тухайн бизнест зориулан данс нээх, дебет эсвэл кредит карт олгох зэргээр хамтран ажиллах нөхцөлүүдийг давхар бүрдүүлж байна.
СБ ба Финтек компаниудын үзүүлж буй санхүүгийн цахим үйлчилгээ
Санхүүгийн цахим үйлчилгээг финтек болон уламжлалт санхүүгийн байгууллагуудын аль аль үзүүлж болно. Тэдэнд хамтран ажиллах орон зай ямагт байдаг ба финтек болон СБ хоорондын ялгаа нь бүдгэрэх хандлагатай байна. Жишээ нь, хэдийгээр энэ нь цөөн тооны тохиолдол ч АНУ-ын томоохон финтек компаниуд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авахаар өргөдөл гаргаад байна. Ингэснээр финтек компаниуд нь уламжлалт санхүүгийн байгууллагын үзүүлдэг санхүүгийн үйлчилгээний орон зайг аажим аажмаар хамран үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний зэрэгцээ, зарим СБ нь цахим худалдааны платформуудад хөрөнгө оруулалт хийж эхлээд байгаа мөн дээр нь финтек компаниудад зөвхөн санхүүгийн байгууллагын үзүүлж чадах үйлчилгээг үзүүлэх замаар тэдэнтэй хамтран ажиллаж эхлээд байна. PricewaterhouseCoopers (PwC) компанийн сүүлийн үеийн нэгэн судалгаанд дурдсанаар санхүүгийн томоохон байгууллагуудын 80 орчим хувь нь финтек компаниудад хөрөнгө оруулалт хийх асуудлыг нухацтай, анхааралтай авч үзэж байгаа юм байна. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд ойролцоогоор 20% -ийн хөрөнгө оруулалтын өгөөжийг хүлээж байгаа гэж тэмдэглэсэн байна.2
Өөр нэг чухал санаа бол мэдээллийг цуглуулах, олж авах нь үнэхээр хэрэгцээтэй болж байгаа бөгөөд мэдээлэл нь эцсийн зорилгодоо хүрэх арга хэрэгсэл юм.
Цахим шинэчлэл
Санхүүгийн байгууллагуудын хувьд, digital transformation [цахим шинэчлэл] нь үйл ажиллагааны болон бүтцийн урт хугацаан дахь хувьсан өөрчлөлт юм. Энэхүү үзэгдэл нь санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах арга хэлбэр, бизнесийн шугамын зохион байгуулалт, санхүүгийн бусад эко системийн тоглогчидтой харилцах харилцаа зэргийг хамруулан банкны системийг бүхлээр нь шинэчлэн өөрчлөх болно. Дараагийн 5-10 жилд ихэнх СБ-ууд нь өөрчлөгдөн шинэчлэгдэж, өөрсдийн мэдээллийн системийг нээлтэй болгож, финтек болон бусад (хосолмол бүтэц бүхий) төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах арга барилд суралцах болно. Үүний өөр нэг тод жишээ загвар нь шинээр яригдаж эхлээд байгаа байгаа open banking 3 юм. СБ-ууд нь өөрийн дэд бүтэц болон системийг “үйлчилгээ” болгон хараахан зохицуулалтад ороогүй төрөл бүрийн компаниудад (цахим худалдааны портал, төлбөрийн тооцооны үйлчилгээ, даатгалын компаниуд, криптовалютын арилжаа, гуйвуулгын үйлчилгээ хүргэгч гэх мэт). Энэ төрлийн хамтын ажиллагааны ихэнх нь финтек компаниудтай уялдаж байгуулагдахаар харагдаж байна.
Финтек компаниуд болон санхүүгийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах эсвэл өрсөлдөж болохыг авч үзье.
Финтек түншлэгч үү, өрсөлдөгч үү?
Финтек компани гэж юу вэ?
Санхүүгийн технологийн компани буюу финтек нь шинэлэг, өндөр түвшний технологид тулгуурлан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд энэ утгаараа санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж түншилдэг эсвэл өрсөлддөг. Ерөнхийдөө, уламжлалт санхүүгийн байгууллагатай харьцуулбал илүү уян хатан ба тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн технологийн хөрөнгө оруулалтыг илүүтэйгээр сонирхон хийдэг (тухайлбал, хиймэл оюун ухаанд суурилсан технологи эсвэл мэдээллийн бусад эх сурвалжийг ашиглан хөдөө аж ахуйн фермерүүдэд зээл олгох г.м.) болно.
Финтек компаниуд нь СБ-тай харьцуулбал шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр гаргах эсвэл шинэчлэл өөрчлөлт хийх тал дээр хурдтай бөгөөд бага хүчин чармайлт гарган хийх чадвартай байдгаараа ялгардаг . Мөн финтек компаниуд нь тодорхой нэг төрлийн асуудлыг шийдвэрлэхээр зорин ажилладаг нь дасан зохицох чадварт нь эергээр нөлөөлдөг. Өндөр технологид оруулах хөрөнгө оруулалтын хувьд аваад үзвэл томоохон финтек компаниудын 46 орчим хувь, томоохон банк, санхүүгийн байгууллагуудын 30 орчим хувь нь тус тус хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт хийсэн болохыг судалгаанууд харуулсан байна.4
Санхүүгийн технологийн компани |
Уламжлалт СБ-ууд |
Уян хатан байдал |
Хүнд сурталтай |
Босоо соёл |
Хэвтээ соёл |
Технологийн ашиглалт өндөр (хиймэл оюун ухаан) |
Технологийн ашиглалт бага (банкны үндсэн систем гэх мэт) |
Зорилтот |
Өргөн цар хүрээний хэрэглэгчид |
Сул зохицуулалттай орчин |
Хатуу зохицуулалттай орчин |
Зураг 4: Финтек компаниудыг уламжлалт СБ –тай харьцуулсан давуу талууд
СБ–ийн үүрэг роль буурч байна уу?
1994 онд нэрт бизнесмен Билл Гэйтс “Банкуудаас илүү тэдний үзүүлдэг үйлчилгээ шаардлагатай” гэж хэлсэн байдаг. Нэлээд хугацааны өмнөөс банк санхүүгийн байгууллагуудын үүрэг роль багасаж, хэрэгцээнээс гарах хандлагатай байна гэсэн үзэл түгээмэл байсан. Гэсэн хэдий ч, 25 жилийн дараа банкууд байсаар л байна. Сүүлийн жилүүдэд финтек компаниудын нөөц боломж хүчин чадал хязгаарлагдмал болох нь харагдаж байгаа ба банкууд нь одоог хүртэл асар олон зүйлийг бүтээж чадахаар байна. Тодруулбал, уламжлалт банк болон санхүүгийн байгууллагууд доорх давуу тал, үнэ цэнийг авчирч чадахаар байна. Үүнд:
- Өргөн цар хүрээтэй харилцагчийн бааз болон холбогдох мэдээллүүд;
- Хөрөнгийн хямд эх үүсвэр;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг авч хэрэгжүүлж буй эрсдэлийн удирдлагын бүтэц, журам болон тогтолцоо;
- Дэд бүтэц (салбарууд, мэдээллийн систем болон төлбөрийн үйлчилгээний компанитай холбогдсон экосистем г.м.);
- Үйл ажиллагаа явуулж буй зах зээлийн талаарх мэдлэг, туршлага;
- Таатай нөхцөлийг бүрдүүлдэг болоод эрсдэлийг бууруулах лицензийн зохицуулалт;
- Итгэл үнэмшил ба алсын хараа (брэнд нэр)
Финтек компаниуд санхүүгийн байгууллагуудын дээрх давуу талуудын эсрэг тийм ч амар хялбараар өрсөлдөх боломжгүй, энэ нь ч тэдний хийхээр зорьж буй үйлдэл биш юм. Финтек компаниудын, ялангуяа шинээр зах зээлд орж ирж байгаа тоглогчдын хувьд, тэдний хийхийг хүсэж байгаа зүйл бол өндөр зэрэглэлийн банкны үндсэн системийг бий болгох эсвэл банкны тусгай зөвшөөрлийг эзэмшихийн тулд СБ –тай хамтран ажиллаж тэдний дэд бүтцийг ашиглан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх явдал юм.
Дараагийн хэсэгт, бид санхүүгийн байгууллагууд болон финтек фирмүүдийн хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх тал дээр Европын Холбооны зохицуулагч байгууллага хэрхэн ажиллаж байгаа жишээнд тулгуурлан ярилцах болно.
Төрийн зохицуулалтын тухай: Европын жишээ
Төрийн зохицуулалтын тухай
Зохицуулагч нь салбарыг хамгаалах зорилгоор шинэ тоглогч зах зээлд нэвтрэн орж ирэх үйл явцыг төвөгтэй байхаар зохицуулах эсвэл эсрэгээрээ төлөвшсөн тоглогчдоос шинэ тоглогчдыг дэмжин мэдээ мэдээлэл солилцох замаар дэмжих бодлого баримталж болно. Энэ нь шинэ тоглогчид үйл ажиллагаагаа тогтворжуулах явцыг хялбар болгож улмаар зах зээлд оролцогч хоорондын өрсөлдөөнийг хөхиүлэн дэмждэг байна. Сүүлийн жилүүдэд энэ чиг хандлагыг Европын зах зээлээс харж ажиглах боломжтой болсон бөгөөд зохицуулалт нь Европын холбооны зах зээлийн цаашдын интеграцлалыг улам бүр түргэсгэж байна.
Төлбөрийн үйлчилгээний удирдамжийн шинэчилсэн хувилбар гэж юy вэ?
Шинэчлэн найруулсан төлбөрийн үйлчилгээний удирдамж буюу PSD2-г 2016 онд гаргасан ба 2018 оноос хүчин төгөлдөр болсон. Энэхүү удирдамж нь Европын 29 зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж 9,000 орчим банкны үйл ажиллагаанд нөлөөлөх шинэ зохицуулалт болж байна. Энэ нь Европын Холбооны банкны салбарыг улам бүр нэгтгэн, банкууд (болон энэ салбарт ажилладаг бусад байгууллагууд) хоорондын өрсөлдөөнийг өргөжүүлэхэд чиглэсэн болно.
Товчхон дурдахад PSD2 –н бас нэг чухал үр дагавар нь AISP буюу [дансны мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд]-ын үүсэл юм. Одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй СБ–ууд болон шинэ тоглогчид (финтек хэлбэрийн) дансны мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар бүртгүүлэх боломжоор хангагдсан ба улмаар данс эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр өгөгдсөн дансны гүйлгээний жагсаалт болон холбогдох нарийн мэдээ, мэдээллийг автоматжуулсан хэлбэрээр нэгтгэн гаргаж өгөх үйлчилгээг үзүүлэх юм. Энэ зохицуулалтын үр дүнд хэд хэдэн банканд эсвэл улсад данс эзэмшигч нь өөрийн мэдээллийг account aggregator [дансны мэдээлэл нэгтгэгч]-тэй харилцан солилцох боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Өөр нэг чухал үр дагавар нь харилцагч нь өөрийн банкны данс, банкны интернэт болон мобайл үйлчилгээг ашиглахаас гадна гуравдагч этгээдээр дамжуулан гүйлгээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн явдал юм. Энэ үйл явц нь Европын зах зээл дэх банкууд, банк болон финтек компаниуд хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн үйлчилгээний чанарыг сайжруулах улмаар холбогдон гарах зардлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлтийг үүсгээд байна.
Зураг 6: Цахим болон мобайл банкинд AISP-аар дамжуулан PSD2-ын үзүүлэх нөлөөлөл
Энэ өөрчлөлтийн үр дүнд бий болох санхүүгийн үйлчилгээний нэг жишээ нь хэд хэдэн банкин дахь харилцагчийн талаарх нэгдсэн мэдээлэлд тулгуурлан хөрөнгө оруулалтын хамгийн сайн боломжит хувилбарыг харилцагчдад санал болгох үүрэг бүхий хиймэл оюун ухааны технологид суурилсан автомат зөвлөхийн үйлчилгээ байж болох юм. Энэ шинэ загварыг мөн зээлийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж болно.Энэ бүхний үр дүнд санхүүгийн үйлчилгээг зөвхөн уламжлалт СБ–ууд (дансны үйлчилгээ үзүүлэгчдийг оролцуулан) үзүүлээд зогсохгүй мөн финтек зэрэг гуравдагч төрлийн санхүүгийн байгууллагууд үзүүлж болох юм.
Эрсдэл ба боломжууд
Европын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй уламжлалт банкнууд одоогийн байгаа үйлчлүүлэгчдээ хадгалж үлдэхэд улам бүр төвөгтэй болно гэж үзэж байна. Энэ нь ялангуяа millennials гэх тодотголтой шинэ үеийн харилцагчдаас улбаатай, учир нь тэд өөрсдийн дансаа шинээр үүсэж буй тоглогчид (жишээ нь, хэрэглэгчид хэрэглэхэд хялбар цахим болон мобайл банкны платформ бүхий) руу шилжүүлэн байршуулах магадлал тун өндөр байгаатай холбоотой юм.
Шинэчлэн засварласан төлбөрийн үйлчилгээний удирдамж буюу PSD2 нь –“тоглоомын дүрэм”-ийг өөрчлөгч маш чухал хүчин зүйл бөгөөд уламжлалт банк, санхүүгийн байгууллагууд нь бусдаас ялгаран үлдэх улмаар өрсөлдөөнд байр сууриа хадгалж үлдэхийн төлөө түншлэлийн шинэ арга замуудыг эрэлхийлж байна. Хамгийн дэвшилтэт гэх тодотголтой СБ –ууд аль хэдийнээ өөрийн системийг нээн “банк бол үйлчилгээ” гэсэн шинэ хэлбэрийн бизнес бүтээгдэхүүнийг санал болгосноор финтек компаниуд нь эдгээр банкны системийг ашиглан тухайн банкны харилцагчдад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх боломжийг бүрдүүлээд байна. Банкуудын бий болгоод байгаа open banking ба платформжилт шинэ арга хэлбэрүүд нь одоохондоо шинэ чиг хандлага хэдий ч эдгээр нь энэ салбарт явагдах урт удаан хугацааны өөрчлөлт хувьсал- тусгал мөн.
Энэхүү өөрчлөлтөд хойрго хандаж буй зарим нэг байгууллагууд хүндрэл бэрхшээлтэй тулгарах бөгөөд эсрэгээрээ эдгээр өөрчлөлтийг цаг алдалгүй хүлээн зөвшөөрч боломжийг шүүрэн авсан бусад байгууллага нь Европын зах зээлд өөрсдийн хүч чармайлтын үр дүнд давуу талыг олж авах боломжтой болж байна гэсэн үг. Мэдээжээр энэ бүхэн нь мэдээллийн системд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах, гуравдагч байгууллагуудад өөрсдийн үндсэн системээ нээх зэрэг нөхцөлийг бүрэлдүүлж байна. Үүнийг дагаад мэдээллийн хулгай хийгээд цахим гэмт хэрэг өсөн нэмэгдэж болзошгүй байна.
Европын зах зээл нь онцгой тохиолдол хэдий ч ирэх жилүүдэд дэлхийн бусад бүс нутгуудад ижил төрлийн зохицуулалт гарч ирэхэд бид гайхах зүйлгүй.
Дүгнэлт
СБ –ууд нь цахим хувьсал хийх аяллын явцдаа олон арван сорилтуудтай тулгарах хэдий ч технологитой холбоотой асуудлууд хамгийн хүндрэлтэй асуудлууд хараахан биш юм. Мэдээллийн технологийн систем болон мэдээллийн бодлого нь байгууллагын хувьд стратегийн ач холбогдолтой болно. Улмаар бизнест хандах хандлага тэр чигтээ өөрчлөгдөж болзошгүй бөгөөд ингэснээр СБ –ууд нь өөрсдийн бизнесээ зарчмын хувьд эргэн харах шаардлагад хүргэнэ. Юуны түрүүнд хэрэглэгчдийг хэрхэн олж авах, татан оролцуулах, хадгалж үлдэхтэй холбоотой асуудлуудыг сайтар тунгаан үзэх хэрэгтэй юм. Цахим сувгуудаар дамжин харилцагчидтай харилцах харилцаа нэмэгдэхийн хэрээр дэд бүтэц бүхий салбаруудын байрыг алхам алхмаар татан буулгах шаардлага үүснэ. Санхүүгийн цахим үйлчилгээ болон автоматжуулалт эрсдэлийн болон хөндлөнгийн аудитын хэлтэс нэгжүүдийн үйл ажиллагаанд мөн нөлөөлөхөөр байна. Үүний зэрэгцээ хүний нөөцийн удирдлагын байгууллага дахь үүрэг роль өсөн нэмэгдэж, хүний нөөцийн хэлтсүүд нь нь зөв, шаардлагатай цаг үед байгууллагаа чадварлаг боловсон хүчнээр хангах ажилтан, албан хаагчдаа шинэ цахим орчинд дасан зохицох үйл явцад голлох үүрэг гүйцэтгэнэ.
Хэдийгээр дижиталчлал, цахимжуулалт болон цахим хувьсал хийх дэс дараалсан алхмууд байдаг бөгөөд энэ алхмууд нь бүгд чухал ач холбогдолтой юм. СБ-ын хувьд өөрсдийн мэдээллийн системийн хөгжүүлэлт, шинэчлэлтийн хурдтай холбоотойгоор үйл ажиллагааны хуучин арга барил, тухайлбал, мэдээллийг цаасан хэлбэрээр цуглуулах гэх мэт өмнөх туршлага сэргээн ашиглаж болзошгүй. Мөн санхүүгийн байгууллагууд нь өөрсдийн дотоод нөөц бололцоонд эсвэл түншлэлд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээг шинэ сувгуудаар дамжуулан хүргэж эхлэх боломж өндөр байна. Энэ нь мэдээжийн хэрэг бизнесийн хувьд логик хувьсал өөрчлөлт мөн. Гэсэн хэдий ч платформд суурилсан бизнесийн шинэ шугам нээх, эсвэл мэдээллийн дэвшилтэт шинжилгээний үйлчилгээг мөнгөн эргэлтэд (мэдээлэл худалдах г.м) оруулах, тэдгээрийг гуравдагч талуудад ашиглуулах зэрэг нь цоо шинэ бизнесийн загвар хэвээр байгаа бөгөөд одоохондоо цөөн хэдэн тоглогч энэ боломжийг ашиглах чадвартай байна.
Тиймээс бид дүгнэлт болгон СБ–ын удирдах ажилтнуудтай санаа бодлоо хуваалцахын ялдамд доорх зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:
- Юу ч хийхгүй байх нь сонголт биш: санхүүгийн байгууллагууд дараагийн тав, арван жилд оршин тогтносоор байх ба тэдгээрийн үүрэг роль, үндсэн хэв шинж өөрчлөгдөх нь зайлшгүй; тиймээс тэр хүртэл гараа хумхин зүгээр хараад суух нь сонголт биш;
- Өөрийн мэдээллийг илүү дэвшилтэт байдлаар хянах ашиглах: мэдээллийн бодлого стратегийг боловсруулах түүнчлэн бизнесийн зарим гүйцэтгэх удирдлагууд энэхүү стратегийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Түншлэл, хамтын ажиллагааны арга замуудыг эрэлхийлэх: зах зээл дээр ямар финтек компани үйл ажиллагаагаа явуулж байгааг тодорхойлох, хамтран ажиллах түншлэх тал дээр алхам хийх. Энэхүү нөхцөлд оролдож эхлэх нь суралцах хамгийн шилдэг арга байх магадлалтай бөгөөд энэ нь таны өмнө шинээр тулгарах саад бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар илүүтэйгээр ойлгоход тусална;
- Байгууллагын дотоод дахь инновацийн соёл, сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх: хийхээс хэлэх нь амар гэсэн хэлц үг байдаг. Гэхдээ байгууллагын түвшинд инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ашиглаж болох санаачилгууд байдаг. Тухайлбал, hacathon [сэдэвт бүлгийн ажил] зохион байгуулах, талцсан байдлыг халах зорилго бүхий хэлтэс/нэгж хоорондын ажлын бүлэг байгуулах зэрэг байгууллагын хэвтээ хэлбэрийн соёлыг бий болгоход чиглэсэн санаанууд байж болно.
Технологи гэхээсээ илүүтэйгээр, танай байгууллагын ажилчид болон тэдний оролдох санаачлах эрх чөлөөтэй байдал нь энэхүү инновацийн өрсөлдөөнд танай байгууллагыг тэргүүлэх боломжийг олгоно.
1 Big Data гэдгийг ихэнх тохиолдолд бизнесийн үйл ажиллагааны талаарх нарийвчилсан мэдээллийг авах зорилгоор цуглуулсан төрөл бүрийн эх сурвалжаас үүдэлтэй бүтэцлэгдсэн болон бүтэцлэгдээгүй их хэмжээний мэдээ өгөгдлөөр ойлгодог. Big Data нь санхүүгийн байгууллагын зарим загваруудыг илүү боловсронгуй болгоход ашиглагддаг хэдий ч санхүүгийн байгууллагууд нь эхний ээлжид чанартай өгөгдөл мэдээлэл (ач холбогдолтой, нийцэмжтэй болон шинэлэг)-тэй болохыг зорих ёстой. Энэ нь өөрөө тулгамдсан асуудал бөгөөд төлөвшсөн зах зээл дээрх цөөн хэдэн санхүүгийн байгууллагууд энэ асуудлыг системтэйгээр шийдвэрлэх чадвартай байдаг. Big Data урт хугацаанд байнга анхаарал хандуулах ёстой чухал асуудал юм.
2 PwC. Redrawing the lines: FinTech’s growing influence on Financial Services. What does FinTech mean for financial services organizations: innovation, disruption, opportunity - or all of them? Join the conversation: #FinTech. https://www.pwc.com/gx/en/industries/financial-services/fintech-survey/report.html
3 Open banking гэдэг нь банкууд өөрсдийн системийг нээлттэй API (хэн ч хандаж болох тусгай протокол бүхий API )-аар дамжуулан тусгайлсан журмын хүрээнд бусдад ашиглуулах замаар хамтран ажиллахыг хэлнэ.
4 Ibid, PwC. Redrawing the lines: FinTech’s growing influence on Financial Services
Татгалзах нөхцөл
Энэхүү баримт бичиг нь Монгол дахь Бичил болон Жижиг Дунд Бизнесийн санхүүжилт болон холбогдох бусад сэдэвтэй холбоотой сэдвүүдийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулахад түлхэц болох зорилгоор нийтлэгдсэн. Санал болгож буй эдгээр үзэл бодлууд нь энэхүү баримт бичгийн зохиогч / зохиогчдынх бөгөөд эдгээр нь ЕСБХБ, эсвэл Монгол дахь RSBP-д хандивлагчид болон хувь нийлүүлэгчдийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Монгол Улс дахь RSBP нь энэхүү баримт бичигт тусгагдсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал эсвэл чанарт баталгаа гаргахгүй болно. Монгол Улс дахь RSBP, түүний хувь нийлүүлэгчид, хандивлагчид энэхүү баримт бичигт хэвлэгдсэн мэдээллийг ашиглахтай холбоотой үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
Санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнтэй байдал нь голлон байгууллагын дотоод бүтцийн хэмжээ, ажилтнуудын болон хэлтсийн ажил үүргийн хуваарилалт, мэдээлэл, харилцааны болон тайлагнах тогтолцоо, байгууллагын өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлагыг мэдрэх чадвар, түүнчлэн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, бодлого журмын хүрээнд төдийгүй ажиллах хүчийг цаг тухай бүр бүрдүүлэх талаар оновчтой шийдвэр гаргахаас ихээхэн хамаарна.
Энэ нийтлэлээр дамжуулан, байгууллагууд нь жижиг болон дунд үйлдвэр (ЖДҮ)-д зээл олгох үйл ажиллагаандаа ажилтан болон хэлтсүүдийн ажил үүргийн хуваарилалтыг зөв хийхийн давуу талууд болон урьдчилсан нөхцөл байдлуудын талаар ойрхноос харах болно .Өөрөөр хэлбэл ЖДҮ-үүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, журам болон шаардлагатай ажиллах хүчээ хэрхэн оновчтой тодорхойлж болох талаар санхүүгийн байгууллагуудад мэдээлэл өгөх, туршлага хуваалцах зорилготой. Зөвхөн нэг төрлийн загвар бүгдэд нийцэхгүй нь тодорхой ба янз бүрийн шийдлүүд байх нь мэдээжийн хэрэг юм. Яг ямар арга барил тухайн байгууллагад тохирох нь тухайн орчинд хувьцаа эзэмшигчид болон удирдлага юуг эрхэмлэж байна, харилцагчдын голлох төрөл, ажилтнуудын мэргэшсэн байдал зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна.
ЖДҮ (болон байгууллагын харилцагчид)-т зээл олгох явцдаа ажил үүргээ ялгаж салгах нь харилцагчдадаа таатай үйлчилгээний орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ зээл төлөх чадвартай эсэхэд үнэлгээ хийх хөндлөнгийн хяналтыг үр дүнтэй байлгаж ажиллах боломжийг бүрдүүлдэг нь туршлагаар батлагдсан. Ийнхүү томоохон харилцагчдад болон ЖДҮ-д үйлчилгээг үзүүлэхдээ ажил үүргийг зааглах нь зах зээлийн дарамт (зардал багатай, үйлчилгээг эрхэм болгосон шийдлийн эрэлт)-с гадна, холбогдох хөрөнгө оруулагчдын эрхэмлэх зүйл, олон улсын бөгөөд үндэсний практик, үндэсний эрх барих дээд байгууллагаас өгч буй зөвлөмж болон олон улсаас толилуулсан зөвшилцлөөс үүдэлтэй.
Базелийн хорооноос зээлийн эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг функц нь банкны бүтэц дэх бизнесийн нэгжээс тусдаа байх ёстой хэмээн дүгнэсэн байдаг. Гол шаардлага нь эрсдэлийн удирдлагын хэлтэс нь бусад эрсдэлийг өөр дээрээ шууд авдаг газар хэлтсүүд (front office) болон, эрсдэлийг бүртгэх болон эрсдэлийн түвшнийг хянадаг (back office) салбар нэгжүүдээс бүрэн бие даасан (бүтэц болон санхүүгийн хувьд) байх ёстой. Санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийн удирдлагын нэгж болон бусад нэгж хэлтсийн хоорондох аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах нь чухал. Иймд банк (ерөнхийдөө бол санхүүгийн байгууллага) нь зээл олгох явцдаа үйлчилгээний хэсэг болон арын албаны үүрэг хариуцлагыг зааглах гол зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Үйлчилгээний хэсгийн эрхэм зорилго нь боломжит харилцагчид өөрөөр хэлбэл зээлээ цаг хугацаанд нь эргэн төлөх боломжтой харилцагчийг олж таних бөгөөд хэрэв тухайн харилцагч зээлийн хүсэлт гаргасан тохиолдолд харилцагчийн танилцуулсан бизнесийн үйл ажиллагаанд анхан шатны үнэлгээ хийх юм. ЖДҮ болон байгууллагын харилцагчдад үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний хэсэгт ажиллаж буй ажилтнууд харилцагчидтай харилцаа холбоо тогтоох, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг хялбаршуулах эсвэл санхүүгийн байгууллагын үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох замаар тэдэнд тулгарч буй бэрхшээлээ даван туулахад нь туслах зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг тул “харилцагчийн үйлчилгээний менежер” эсвэл адил төстэй нэршилтэй байдаг. Томоохон харилцагч (томоохон ЖДҮ болон байгууллагын харилцагч)-ийн хувьд тусгайлсан шийдэл болон үйлчилгээг санал болгох шаардлагатай. Арын албаны ажилтнууд нь зээлийн шинжээчид, зээлийн администратор эсвэл үүнтэй ижил төстэй ихэвчлэн анхан шатны судалгаа шинжилгээ хийдэг, шаардлагатай тохиолдолд харилцагчийн бизнесийн үйл ажиллагаа болон хүсэлтэд илүү дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж зээл олгосны дараа эргэн төлөлтийн гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг ажилтнууд байдаг. Бусад арын албаны ажилтнуудын хувьд зээл олгох шийдвэр гаргасан эрх бүхий этгээдүүдийн тодорхойлсон зээл олгохын өмнөх биелүүлэгдэх нөхцөлүүд болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажилтнууд байна. |
Санхүүгийн байгууллагын төлөөлөл нь харилцагчидтай хэт ойр дотно харилцаа үүсгэсэнтэй холбоотойгоор үүсэж болох зээлийн болон бусад эрсдэлийг бууруулах үүднээс ажил үүргийг зааглаж, харилцааны менежер болон борлуулалтын ажилтнууд нь зээлийн өргөдөлд үнэлгээ хийх явцад оролцохгүй байхаар, нөгөө талаараа харилцаа холбоо тогтоох болон борлуулалт хийх үе шатанд зээлийн шинжээчдийг оролцохгүй байхаар зохицуулах хэрэгтэй. Гэсэн хэдий ч зээлийн шинжээчид санхүүгийн байгууллагын бизнес татах гол үйл ажиллагаанаас хэт холдох нь тэд зөвхөн эрсдэл бууруулах үндсэн үүрэг дээрээ хэт төвлөрч зээл олгохтой холбоотой бүхий л эрсдэлийг бууруулахыг хэт хичээснээр зээл олгох процессыг түвэгтэй болгож улмаар харилцагчийн эрэлтийг ханган ажиллах боломж бууруулж тухайн санхүүгийн байгууллага хангалттай ашигтай ажиллаж чадахгүйд хүрнэ.
Харин харилцааны менежер нь зөвхөн бизнес татан төвлөрүүлэх талаар мэргэшиж зээлийн эрсдэлийн үнэлгээ хийх талаар бага мэдлэгтэй байх нь хэт их зээлийн хүсэлт, болон өргөдөл цуглуулж тэр хэрээр зээлд татгалзах (санхүүгийн байгууллага болон харилцагчийн аль аль нь татгалзах боломжтой) зохих түвшин нэмэгдэх ба ингэснээр эрэлт багасаж бизнесийн үйл ажиллагааг тогтворгүйжүүлэхэд хүргэдэг.
Санхүүгийн байгууллагууд бизнесийг нэмэгдүүлэх боломж болон дагаж ирэх эрсдэлийг жигнэн дүгнэх хэрэгтэй ба тэнцвэрийг зохих хэмжээнд хадгалан ажиллах шаардлагатай. Зээлийн үйл ажиллагааны аль хэсгийг ялгаж зааглах, чухам ямар дүрэм журмыг хэрхэн хэрэгжүүлэхэд мөн адил хамаарна. Дээр дурдсанчлан нэг загвар шийдэл нь бүх байгууллагад тохирохгүй бөгөөд санхүүгийн байгууллага бүр өөрийн үйл ажиллагаа явуулж буй зах зээл, өөрийн үйл ажиллагаа, стратеги зорилт, зорилтот зах зээлийн сегментчлэл, ажилтнуудыг мэргэшсэн байдал, байгууллагын оршин тогтносон цаг хугацаа, ирээдүйн төлөвлөгөө, зорилго зэрэгт шинжилгээг сайтар хийсний үндсэн дээр тохирох шийдлийг олох хэрэгтэй.
Сүүлийн үеийн туршлагаас харахад, харилцагчдыг сегментлэх нь байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, журам, заавар, харилцагчдад үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад тавих шаардлагыг оновчтой, үр ашигтай болгоход чухал ач холбогдолтой. Санхүүгийн байгууллага бизнесийн зорилгодоо хүрэх, үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд чухам аль сегментэд үйл ажиллагааны ямар процесс, дүрэм, журам болон бүтэц тохирохыг ойлгох нь зүйтэй.
Бодит байдал дээр ЖДҮ зээлийн хэлтсийн үйл ажиллагаа явуулахад дараах 2 хандлага илүү түгээмэл хэрэглэгддэг. Үүнд: (I) борлуулалтын болон зээлийн шинжилгээ хийх ажил үүргийг хослуулах (үйлчилгээний хэсэг болон арын албадыг); түүнчлэн (II) борлуулалтын болон зээлийн шинжилгээ хийх ажил үүргийг зааглаж салгах зэрэг болно.
I. БОРЛУУЛАЛТ БОЛОН ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭГ ХИЙХ ҮҮРГИЙГ ХОСЛУУЛАХ НЬ
Энэ тохиолдолд бид дараах ажил үүргийг гүйцэтгэх чадвартай зээлийн эдийн засагч эсвэл борлуулалтын менежерийн тухай ярьж байна. Үүнд: (а) харилцагчдыг идэвхтэй татан төвлөрүүлэх, бүтээгдэхүүний шууд борлуулалт хийх, (зээлийн болон бусад), (b) зорилтот харилцагчдад зөвлөгөө өгөх, (c) харилцагчийн төлбөрийн чадварыг үнэлэх, дүгнэх, мөн зээлийн эрсдэлд үнэлгээ хийх (d) зээл олгох шийдвэр гаргахад зориулан мэдээллээр хангах, (e) зээл олгосны дараа дэмжлэг үзүүлэн ажиллах, (f) асуудалтай зээлийн эргэн төлөлтийг хянан ажиллах .
Энэхүү хувилбарыг санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа үр ашигтай ажиллах хэмжээнд зээлийн олголтыг хийх боломжтой, үйл ажиллагааны чанар нь өндөр тохиолдолд ашиглах боломжтой. Иймд энэхүү хувилбарыг бичил болон жижиг бизнест үйлчилдэг санхүүгийн байгууллагууд ашиглах нь түгээмэл байдаг. Харин ЖДҮ-ийг зорилтот харилцагчийн сегментээр сонгосон санхүүгийн байгууллагын хувьд энэ хувилбарыг ЖДҮ-т зээл олгох үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлсэн, масс зах зээлийг зорилтот зах зээлээр сонгосон, харилцагчдын эрэлт хэрэгцээ нь энгийн, түүнийг стандарт үйлчилгээ бүтээгдэхүүнээр ханган, харьцангуй жижиг хэмжээний зээлийг олгон ажиллахаар төлөвлөж буй үед нэвтрүүлбэл илүү үр дүнтэй. Энэ үед зээлийн багц нь зээлийн дундаж хэмжээ болон зээлийн эрсдэлийн хувьд ижил төстэй зээлүүдээс бүрдэж зээлийг эрсдэлээр нь ангилах болон тараан байршуулах замаар бууруулах боломжтой.
Энэхүү хувилбарыг хэрэглэх үед зээлийн эдийн засагч бөгөөд худалдааны менежер нь универсал буюу олон ажил үүргийг зэрэг гүйцэтгэх чадвартай байх хэрэгтэй.
Энэхүү хувилбарын гол давуу тал нь харилцагч зөвхөн нэг хүнтэй харилцаж санхүүгийн бүх төрлийн хэрэгцээгээ хангах боломжтой орчныг бүрдүүлэхэд оршино. Санхүүгийн байгууллагуудын хувьд “нэг цэгийн үйлчилгээ” мэт үйл ажиллагаа нь нэг дор төвлөрсөн хялбар бүтэцтэй ажиллах давуу байдлыг бүрдүүлж өгнө. Ингэснээр ажилтнууддаа ажил үүрэг хариуцуулах, гүйцэтгэлийг үнэлэх хянахад хялбар болгоно.
Энэхүү хувилбар нь ажилтнуудын ашиг сонирхлын зөрчил үүсэх, залилан хийх зэрэг байгууллагын дотоод эрсдэл рүү байгууллагыг илүүтэйгээр түлхдэг. Тухайлбал, зээлийн эдийн засагч бөгөөд борлуулалтын менежер нь зээл зээлийн шинжилгээ хийх болон зээлийн шийдвэр гаргах эрсдэлийг бууруулахтай холбоотой ажил үүрэгтээ илүү цаг гарган борлуулалтын талын үүргээ орхигдуулснаас болж санхүүгийн байгууллагуудын хувьд зээлийн багцын өсөлт удаашрах, зээлийн хүсэлтэд татгалзсан хариу өгөх нь олшрох зэрэг сөрөг талууд ажиглагдаж эхлэх ба ингэснээр зээлийн багц буурах байдалд хүрэх аюултай. Нөгөө талаар зээлийн эдийн засагчид зээлийн эрсдэлийг үл хайхран хэт их борлуулалтын тоонд анхааран ажиллах үед зээлийн эдийн засагчид санаатай бөгөөд санамсаргүй байдлаар гүйцэтгэлийн тоон үзүүлэлт төлөвлөгөөнд хэт их анхаарснаар зээлийн эрсдэлийн үнэлгээнд тоомсоргүй хандаж эхлэхэд хүргэдэг.
Туршлагаас үзэхэд энэхүү хувилбарыг сонгосон санхүүгийн байгууллагууд зээлийн эдийн засагчдыг зохистой байдлаар сонгон шалгаруулаагүй эсвэл сургаагүй эсвэл байгууллагын бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдлэг олгоогүй, мэргэшүүлээгүй мөн давхар борлуулалтын хийх зохист хэмжээний төлөвлөгөө болон ажлын гүйцэтгэл үнэлэх системгүй байх нь зээлийн багцын чанар болон давтан харилцагчийн түвшинд сөргөөр нөлөөлдөг.
Зарим тохиолдолд эсрэгээрээ давтан харилцагчийн зээлийн хүсэлт ихсэх давуу талтай. Асуудлын гол нь харилцагчид бус универсал, борлуулалтын тоонд хэт анхаарлаа хандуулсан зээлийн эдийн засагч, борлуулалтын менежерт байгаа бөгөөд тэд санхүүгийн байгууллагын бусад бүтээгдэхүүн үйлчилгээнээс илүүтэй өөрийн зээлийн үйлчилгээг санал болгодог, харилцагчтай холбоо харилцаа тогтоож ажиллахаас илүүтэйгээр зээл олгоход гол анхаарлаа хандуулснаас, харилцагчийн бодит хэрэгцээг ойлгож мэдрэхгүй, харилцагчийн хэрэгцээт үйлчилгээг цаг тухайд нь үзүүлж ажиллаж чадахгүйд хүрдэг.
Дээрх тохиолдолд санхүүгийн байгууллагууд нь урт хугацаанд хамтран ажиллаж үр өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой, олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох боломжтой харилцагчдыг татах, урт удаан хугацаанд хадгалах ашиг орлогоо өсгөх боломжийг алдаж болзошгүй.
Зарим тохиолдолд дээр дурдсанчлан универсал зээлийн эдийн засагч, борлуулалтын менежертэй байх бүтцийн давуу болон сул талыг санхүүгийн байгууллагууд сайтар ойлгож мэдсэний үндсэн дээр энэхүү хувилбарыг сонгох нь үр дүнтэй байх боломжтой.
Хэрэв санхүүгийн байгууллага энэхүү аргачлалыг ашиглахаар шийдсэн бол дараах хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулах ёстой.Үүнд: (1) зээлийн эдийн засагчид болон борлуулалтын менежерүүдийг мэргэшүүлэх, (2) төлөвлөгөө гүйцэтгэл тодорхойлох мөн and (3) дотоод хяналт хийх зэрэг болно.
Ажилтнуудыг мэргэшүүлэх
Борлуулалт болон зээлийн судалгаа шинжилгээг хослуулан гүйцэтгэж буй санхүүгийн байгууллагын ажилтнууд борлуулалт хийх, аливаад үнэнчээр дүн шинжилгээ хийх зэрэг чадваруудыг эн тэнцүү эзэмшсэн байх ёстой. Шаардлагатай ажилтнууд нөхцөл байдлыг шуурхай ойлгож, дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлтээ хурдан хийх чадвартай байх ёстой. Үүний зэрэгцээ шинээр мэдээлэл ирсэн даруйд мэдээллийг хүлээн авч үнэлгээ дүгнэлтдээ өөрчлөлт хийх чадвартай байх ёстой.
Санхүүгийн байгууллагууд хэрэв боломжтой бол дотоод нөөцөө ашиглан мэргэжилтнүүдээ дотроосоо томилон ажиллуулах эсвэл өөр санхүүгийн байгууллагаас мэргэжлийн зээлийн эдийн засагч болон борлуулалтын менежерүүдийг сонгон шалгаруулж авах боломжтой. Энэ үед шинэ ажилтнуудын хувьд ажлын байр эсвэл цалингийн хэмжээг чухалд авч үздэг. Дотооддоо ажилтнуудаа хөгжүүлэн мэргэшсэн экспертүүд бэлдэх нь цаг хугацаа шаардсан ажил тул ажилтнуудыг тогтвортой ажиллуулах бодлогыг давхар боловсруулан ажиллах нь зүйтэй.
Хэрэв санхүүгийн байгууллага нь аливаа эрсдэлээс зайлсхийх төдийгүй гадна, дотнын аль аль экспертүүд амжилт үзүүлсэн тохиолдолд ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах, ажилтнуудыг идэвхжүүлж сэдэлжүүлэх бодлого, журмуудыг боловсруулах, мэргэжлийн сургалтуудыг системтэйгээр зохион байгуулах шаардлагатай.
Төлөвлөгөө гүйцэтгэл тодорхойлох
Төлөвлөгөө болон гүйцэтгэлийн үнэлгээг тодорхойлохдоо идэвхжүүлэх тогтолцоотой уялдуулах нь зүйтэй. Дээр дурдсанчлан, төлөвлөгөө болон гүйцэтгэлийн түвшин тодорхойлохдоо борлуулалтыг идэвхжүүлсэн, зээлийн тоо болон хэмжээ, зээлийн багцын чанар тоон үзүүлэлтийг багтаахаас гадна гадна харилцагчийн үнэнч байдлыг дээшлүүлэх болон давхар борлуулалтыг өсөлтийг дэмжсэн хөшүүрэг бүхий үзүүлэлтийг багтаах хэрэгтэй.
Дотоод хяналт
ЖДҮ зээл олгох үйл явцын үе шат бүрийг хянаж байх үүднээс дотоод хяналтын тогтолцоог бий болгох нь чухал үүнд байгууллагын нэгж хоорондын уялдаа холбоог сайжруулахын өнцгөөс процесс болон журмуудыг загварчлах, нэгжийн үүрэг функцийг өөр хоорондоо ялгаатай (ажил үүргийн хуваарь, үүрэг хариуцлага бөгөөд эрх мэдлийг зөв зааглан тодорхойлох гэх мэт).
Аль ч санхүүгийн байгууллагын хувьд хүчтэй дотоод хяналтын тогтолцоог бий болгох нь чухал бөгөөд ялангуяа борлуулалтын болон дүн шинжилгээ хийх ажил үүргийг хослуулсан ажилтантай байгууллагын хувьд зээлийн шийдвэрийн ил тод байдлыг бий болгох, үр дүнг хянах зэрэг үйл ажиллагааг ханган ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дотоод хяналтын тогтолцоог үр дүнтэй ажиллуулахад мэдээлэл харилцааны сувгуудыг үр ашигтай ашиглах шаардлагатай бөгөөд ингэснээр ажилтнууд өөрийн үүрэг хариуцлагатай холбоотой дүрэм, журам, зааврыг сайтар ойлгож хүлээн авах боломжийг бүрдүүлнэ. Дотоод хяналт нь аль ч бизнесийн үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд бизнесийн үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам зааврын хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, улмаар үйл ажиллагааны алдагдал, түүний үр дагаврыг бууруулна. ЖДҮ-ийн харилцагчийг чиглэн ажиллахдаа тухайн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны дүн шинжилгээг тухайн санхүүгийн байгууллагын холбогдох зээлийн аргачлалын дагуу, бодлого журам, үйл ажиллагааны зураглал, эрх бүхий байгууллагаас тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд судалж үнэлсэн эсэхэд голлон анхаарна. |
Хүснэгт 1. Зээлийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавих нь
Зээлийн эргэлтийн үе шатууд |
Үйлчилгээний болон арын албаны ажил үүрэг |
Дотоод хяналт |
Харилцагчийг татах |
|
|
Зээл төлөх чадвартай эсэхийг тодорхойлох, үнэлж дүгнэх |
|
|
Ажилтнуудын гүйцэтгэх ажил үүрэг их, түвэгтэй байх тусам процесс болон журамд тусгагдсан дотоод хяналтын механизмд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй, ялангуяа сонирхлын зөрчил үүсэхээс зайлсхийх, тэр дундаа үйл ажиллагаа процесс хоорондоо тохирохгүй зөрчилдөж байгаа эсэхийг дотоод хяналтын үүднээс сайтар ажиглаж байх хэрэгтэй.
II. БОРЛУУЛАЛТ БОЛОН ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АЖИЛ ҮҮРГИЙГ ЗААГЛАХ НЬ
Бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, дотоод хяналтын тогтолцоог бататгах үүднээс аливаа ажил үүргийг заагладаг.
Томоохон харилцагчдад чиглэн ажиллаж буй санхүүгийн байгууллагуудын хувьд зохицуулах эрх бүхий байгууллагаас албадан зохицуулаагүй хэдий ч зарим ажил үүргийг зааглах талаар бодолцох нь хэрэгтэй. Томоохон харилцагчдын бизнесийн үйл ажиллагаа ихэвчлэн нарийн түвэгтэй, санхүүгийн байгууллагаас авч буй үйлчилгээндээ өндөр шаардлага тавьдаг, зөвхөн тухайн харилцагчид зориулсан үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг, үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн байхыг шаарддаг. Эдгээр харилцагчдад хандан ажиллахаар зорьж буй санхүүгийн байгууллагууд тухайн харилцагч бизнесийн үйл ажиллагааны талаар ярилцах боломжтой, боломжит хувилбаруудыг санал болгох чадварлаг харилцагчийн үйлчилгээний менежертэй байх хэрэгтэй. Ийнхүү ажилласнаар тухайн санхүүгийн байгууллага олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон, харилцагчидтай урт хугацаанд харилцаа тогтоон ажиллах боломжтой болно.
Энэхүү арга барил нь зээл бүрийн эрсдэлийн шинжилгээг зээлдэгч бүр дээр тусад нь хийх шаардлагатай, түүнчлэн зээлийн багц нь ижил төрлийн зээлүүдээс бүрдэхгүй байх үед ашиглахад тохиромжтой байдаг.
Энэхүү арга барилын дагуу ажиллахад харилцагчийн үйлчилгээний менежерийн ажил үүрэг нь тухайн санхүүгийн байгууллагын хувьд тохиромжтой, боломжийн ашигт түвшинтэй, үнэнч урт хугацаанд хамтран ажиллах боломжтой харилцагчийг татан төвлөрүүлэх, тэдгээрийн хэрэгцээг шаардлагыг олж мэдэх, харилцагчтайгаа хамтран хэрэгцээ шаардлагад нь нийцсэн шийдэл үйлчилгээг санал болгох зэрэг болно. Энд зөвхөн зээлийн үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр санхүүгийн байгууллагын санал болгож болох бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулав.
Харилцагчийн үйлчилгээний менежер нь зөвхөн борлуулалтад анхаарлаа хандуулах бус бизнесийн үйл ажиллагааг зарчмын хувьд ойлгох, зээлийн болон бизнесийн шинжилгээ хийх талаар зохих түвшний ойлголттой байх нь маш чухал байдаг ба энэ үед л эдгээр мэргэжилтнүүд ажил үүргээ үр дүнтэй бөгөөд үр ашигтай явуулах боломжтой болно.
Дээр дурдсанчлан борлуулалтад хэт их анхаарал хандуулах нь хэт ихээр, ач холбогдол багатай өргөдлүүдийг цуглуулахад хүргэж, татгалзсан зээлийн тоог нэмэгдүүлэн харилцагчдын сэтгэл ханамжгүй байдлыг бий болгож байгууллага нь нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйд хүргэнэ. Мөн бүрэн мэргэшээгүй харилцагчийн үйлчилгээний менежер нь урт хугацаанд үр ашигтай үнэнч байх харилцааг үйлчлүүлэгчтэй бий болгоход байнга бэрхшээлтэй тулгардаг. Харамсалтай нь эдгээр хүчин зүйлсийн ач холбогдол нь ихэнх тохиолдолд дутуу үнэлэгддэг.
Ихэнх санхүүгийн байгууллагууд харилцагчийн үйлчилгээний менежерт байх ёстой эдгээр ур чадвар, ноү-хау болон зан төлөв зэрэгт тэр бүр хангалттай анхаарлаа хандуулдаггүй болохыг бид өнгөрсөн туршлагаасаа харж болно. Үүгээр зогсохгүй зарим санхүүгийн байгууллагууд, өөр хэлтэс газраас бизнес болон зээлийн эрсдэлийг үнэлж дүгнэх туршлагагүй борлуулалтын хүн , эсвэл өөр ажил үүрэг гүйцэтгэж байсан хүнийг томилон ажиллуулах нь элбэг байдаг.
Зээлийн шинжээчийн ажил үүрэг нь зээлдэгчийн санхүүгийн болон эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт хийх, зээлийн болон бусад болзошгүй эрсдэлийг тооцоолон, зээлийн саналыг холбогдох хэлтэс газарт жишээ нь эрсдэлийн удирдлагын газар, бусад газрууд танилцуулах зэрэг болно.
Энэ бүтцээр ажиллахын давуу талууд:
- Харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх замаар харилцагчидтай урт хугацааны харилцаа холбоо тогтоох,
- Харилцагч бүрд тохирсон үйлчилгээ үзүүлэх
- Банкны мэргэжилтнүүдийн хувьд өөрсдийн сайн хийж чадах зүйлд анхаарлаа хандуулах
- Харилцагчтай ялгаатай байдлаар холбоо тогтоосноор тэдгээрийн зээлийн хүсэлтэд илүү бодитой үнэлгээ хийж, бодит түүхийг олж авах зэрэг болно.
Өнгөрсөн хугацаанд харилцагчийн үйлчилгээний менежерүүд зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилж, зээлийг судлан шинжлэх ажлыг зээлийн шинжээчдэд хариуцуулан үлдээдэг байсан хэдий ч ийнхүү ажиллах нь хоёр том дутагдалтай болохыг туршлагаас олж харж болно.
Эдгээрт, нэгдүгээрт, дээр дурдсанчлан тохиромжгүй харилцагчийг их тоогоор татан татгалзсан зээлийн тоог нэмэгдүүлэх эрсдэлтэй, хоёрдугаарт харилцаа нь өөрөө эрсдэлийг агуулдаг. Зээлийн шинжилгээ болон борлуулалтын ажил үүргийг зааглах нь зарим талаараа харилцагч банкны янз бүрийн төлөөллүүдтэй, зарим үед түвэгтэй харилцаа холбоо тогтооход хүргэдэг. Энэ бүтэц нь харилцагчийн хувьд түвэгтэй тааламжгүй байдал үүсгэдэг. Жишээ нь харилцагчийг татах болон эхний шатны уулзалтуудын үе шатанд харилцагч нь эхлээд банкны нэг төлөөлөлтэй уулзаж эхний ярилцлагаа хийсний дараа дахин тухайн харилцагчийн хувьд үл таних өөр нэг хүнд санхүүгийн мэдээллээ өгөх хэрэг гарна. Энэ нь харилцагчийн хувьд хүндрэлтэй байж болох бөгөөд мэдээллийг хангалттай хэмжээнд олж авахад тодорхой хэмжээгээр хүндрэл учруулж болзошгүй. Хэдийгээр тийм ч, тухайн санхүүгийн байгууллагын хувьд ийнхүү ажиллах нь туйлын тохиромжтой гэж үзэж байгаа байгаа нөхцөлд зээлийн шинжээчид дүн шинжилгээндээ сайн байхаас гадна харилцааны ур чадварын хувьд сайн байх нь чухал юм.
Түүнээс гадна арга барилын дагуу ажиллаж байгаа байгууллагад борлуулалтын ажилтан бөгөөд зээлийн шинжээч нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг харилцдаг байх шаардлагатай. Бодит байдал дээр борлуулалтын ажилтан болон зээлийн шинжээчид үл ойлголцсоноор асуудлыг илүү түвэгтэй болгох, энэ байдал нь улмаар харилцагчийн үйлчилгээний чанарт муугаар нөлөөлөхөд хүрдэг.
Эдгээр бүх ойлголт, туршлагууд нь бичил болон жижиг, дунд бизнест үйлчилгээ үзүүлж ажиллах үед анхааралдаа авч ажиллаж доорх зөвлөмж байдлаар хүргэгдэж байна. Үүнд:
- Хэдийгээр борлуулалтын болон зээлийн шинжилгээний ажил үүргийг зааглахаар шийдвэрлэсэн бол борлуулалтын ажилтнууд нь бизнесийн үйл ажиллагааг ойлгодог, дүн шинжилгээ хийх чадвартай байх, нөгөө талаас зээлийн шинжээчид нь харилцагчдаас шаардлагатай мэдээ, мэдээллийг бүрэн дүүрэн олж авах чадвартай байхыг шаардах.
- Харилцагчийн үйлчилгээ болон үйл ажиллагааны үр ашигтай байдлыг сайжруулахын хувьд эхний үе шатанд мэдээлэл цуглуулах процессыг аль болохоор олон ажилтанд зааглахгүйгээр загварчилж, харин цуглуулсан мэдээллийг боловсруулах, үнэлэх, дүгнэхийн зэрэгцээ баталгаажуулах, эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажил үүргийг маш тодорхой салгаж зааглахыг зөвлөж байна. Ажил үүргийг ялгаатай байдлаар тодорхойлох нь тэр бүр ач холбогдолтой байдаггүй ч эрсдэлийг тодорхойлон, зардлыг тооцож, хэдий хэмжээний орлого олохоос хамаарна.
Бүтцийн тохирох загварыг тодорхойлоход дээр дурдсаныг харгалзан үзсэний үндсэн дараах хүчин зүйлсэд анхаарах хэрэгтэйг харуулж байна. Үүнд:
- Харилцагчдыг сегментчлэхэд шаардлагатай мэдээлэл байгаа эсэх, мөн хэр найдвартай эсэх,
- Ажилтнуудын бэлтгэгдсэн байдал, мэргэшсэн эсэх: байгууллагад ямар ямар ажилтнууд байна, тогтсон бүтэц хандлагыг өөрчлөхөд шаардлагатай ур чадварыг эзэмшсэн, мэргэшсэн ажилтнууд байгаа эсэх, бусад ажилтнуудыг сонгон шалгаруулж авахад хэр хялбархан эсвэл түвэгтэй эсэх,
- Байгууллагын өнөөгийн бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагаа: бизнесээ хэрхэн зохион байгуулсан нь, үйл ажиллагааг хэрхэн ямар түвшинд автоматжуулах боломжтой вэ, чиглэлээ өөрчлөх нь бизнесийн бий болсон байдлыг өөрчлөхөд ямар ач холбогдолтой вэ?
- Тухайн байгууллага дахь МТ алба болон автоматжуулах боломжууд: байгууллагын дотоод процессыг автоматжуулах МТ алба тухайн байгууллагад байгаа эсэх, харилцагчдын бүртгэл, удирдлагын мэдээллийн системийг зохих түвшинд хөгжүүлсэн эсэх, шаардлагатай байгаа системийг бий болгоход нэмэлтээр юу хэрэг болох вэ зэрэг болно.
Үйлчилгээ үзүүлэх зорилтот харилцагчдын сегментээс хамааран өөр өөр арга барилыг сонгож болно. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага нэгэн зэрэг хэд хэдэн харилцагчдын сегментэд чиглэсэн процессыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж болно. Тиймээс, харилцагчдыг сегментчлэх нь маш чухал. Ийнхүү сегментчлэсэнээр хэрэгцээ шаардлага төлөв байдлын хувьд ойролцоо харилцагчдыг нэг бүлэг болгох боломжтой. Ингэснээр харилцагчийн бүлэг бүрд тохирсон үр дүнтэй арга барилыг боловсруулж нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Тухайлбал, олгох зээлийн дундаж хэмжээ бага, нийтлэг масс харилцагчийн сегментэд хүрч үйлчилдэг байгууллага нь борлуулалт болон зээлийн шинжилгээний ажил үүргийг хослуулсан бүтэц зохион байгуулалтыг сонгож болно. Харин дундаж зээлийн хэмжээ өндөр, зохион байгуулалтын хувьд нүсэр түвэгтэй бизнестэй, тухайлсан эрсдэлийн үнэлгээг зээлдэгч бүр дээр шаардлагатай сегментэд үйлчилдэг санхүүгийн байгууллагын хувьд борлуулалт болон зээлийн шинжилгээний ажил үүргийг зааглах нь зүйтэй.
Хэдий борлуулалтын болон зээлийн шинжилгээний ажил үүргийг ялгаатай байдлаар зохион байгуулсан ч дотоод хяналтыг заавал байлгах шаардлагатай.
Үзүүлэн 1 болон 2-оос та бүхэн зээлийн борлуулалт болон зээлийн шинжилгээний ажил үүргийн хоорондын уялдааг дүрсэлсэн хоёр өөр загварыг харж болно.
Загвар 1: бүтцийн хувьд бүтэн болон зарим газар, нэгжийн ажил үүргийг салгасан байдлыг харуулав. (салбар, оффис, төлөөлөгчийн газар гэх мэт) (Үзүүлэн 1-г харах).
Загвар 2: ЖДҮ-ийн зээлийн төвтэй буюу жижиг болон дунд бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төвтэй бүдүүвч зургийг харуулав. (Үзүүлэн 2-г харах). Энэхүү төвд зээлийн шинжээчдийн бүлэг мэдээлэл цуглуулж, зээлийн шинжилгээ хийж, бизнесийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, харилцагчийн бизнесийг очиж үзэх зэрэг ажил үүрэг гүйцэтгэнэ.
ЖДБ-ийн төвүүдийг төв оффисын түвшинд болон бүсийн удирдлагын түвшинд байгуулах боломжтой. Энэхүү загварт зээлийн шинжилгээ хийх үүргийг төвлөрүүлсэн байгааг харуулав. Төвлөрүүлэх нь үйл ажиллагааг үр дүнтэй байлгаж дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, ийнхүү төвлөрүүлснээр ажиллах хүчний зардлыг багасгаж үр ашигтай байлгаж, бүсийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээг тогтвортой үзүүлэн ажиллах боломжийг бүрдүүлсэн арга хэрэгсэл хэдий ч үйл ажиллагааг бүхэлд төвлөрүүлэх нь үйл ажиллагааг удаашруулах сул талтайг ойлгох нь чухал.
Тиймээс хэрэв банк нь үйл ажиллагаа харилцагчийн жижиг сегментэд чиглүүлэн ажиллаж байвал аливаа үйл ажиллагааг төвлөрүүлснээс төвлөрлийг сааруулсан нь илүү ач холбогдолтой. Нөгөө талаараа хэрэв харилцагчийн талаарх мэдээ мэдээллийг төвлөрсөн сангаас хялбар бөгөөд шуурхай авах боломжтой, мэдээллийн найдвартай байдал хангалттай бол хэдий жижиг бизнесийн сегментэд үйлчилж байгаа ч гэсэн зээлийн үнэлгээ шинжилгээ, баталгаажуулах, шийдвэр гаргах үйл явцыг төвлөрүүлж болно.
Санхүүгийн байгууллагуудын хувьд урт хугацааны зорилгодоо хүрч тогтвортой ажиллахын тулд аль ч загварыг ашигласан харилцагчийг нэн тэргүүнд анхаарч ажиллах ёстой. Харилцагчид эцсийн сонголтыг хийх бөгөөд тохиромжгүй бүтээгдэхүүн үйлчилгээ авсан үйлчлүүлэгч нь энэ туршлагаа маш удаа хугацаанд санаж явдаг.
Иймд санхүүгийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх, үйл ажиллагааны үр ашигт байдлыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа бол дараах хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулах ёстой. Үүнд: бизнес процесс, харилцагчийн сегментчлэл, дотоод нөөц бололцоо ба ажилтнуудын мэргэшсэн байдал, авьяас болон ур чадвар, мэдээллийн системийн чадвар, аливаа эрсдэл үүрэх чадвар, стратеги, гол зорилго, зорилтууд зэрэг болно.
Нөөц бололцоо хангалттай биш үед санхүүгийн байгууллагууд борлуулалтын бүлгийн ажилтнуудыг хамгийн түрүүнд чөлөөлж явуулахад бэлэн байдаг. Ийм шийдвэр гаргахын өмнө урт хугацаанд энэхүү шийдвэр нь бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар дүн шинжилгээ хийх нь чухал ач холбогдолтой байдаг.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, бүтцийн өөрчлөлтийн шат бүрд, санхүүгийн байгууллагууд өөрийн бизнесийн үйл ажиллагааны үр дүнтэй бөгөөд үр ашигтай байдал, ажилтнуудын шат бүр дэх оролцоог сайтар дүгнэж байх хэрэгтэй.
“Та хэрвээ амжилттай яваа бизнесийг харж байгаа бол хэн нэгэн өмнө нь маш зоримог шийдвэр гаргасан гэсэн үг.”
Петер Ф. Дрюкер
Татгалзах нөхцөл
Энэхүү баримт бичиг нь Монгол дахь Бичил болон Жижиг Дунд Бизнесийн санхүүжилт болон холбогдох бусад сэдэвтэй холбоотой сэдвүүдийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулахад түлхэц болох зорилгоор нийтлэгдсэн. Санал болгож буй эдгээр үзэл бодлууд нь энэхүү баримт бичгийн зохиогч / зохиогчдынх бөгөөд эдгээр нь ЕСБХБ, эсвэл Монгол дахь RSBP-д хандивлагчид болон хувь нийлүүлэгчдийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Монгол Улс дахь RSBP нь энэхүү баримт бичигт тусгагдсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал эсвэл чанарт баталгаа гаргахгүй болно. Монгол Улс дахь RSBP, түүний хувь нийлүүлэгчид, хандивлагчид энэхүү баримт бичигт хэвлэгдсэн мэдээллийг ашиглахтай холбоотой үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.