Сургалтын салбар өөрчлөгдөж байна
Санхүүгийн байгууллагууд шинэ бодит байдалд нийцүүлэн өөрсдийгөө өөрчилж байна. Мэдээлэл болон тоон технологийн хурдацтай хөгжил нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн бизнесийн загвар болон үйл ажиллагааны арга барил өөрчлөгдөхөд хүргэж байна. Олон жилийн туршид санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн бизнесийн амжилтыг бататган хангаж байсан арга замууд нь одоо хуучирч эсвэл цаашид хэрэглэгдэх эсэх нь сорилтод ороод байна.
Цахимжуулалтын үр дүнд санхүүгийн байгууллагад шаардлагатай ажилтнууд болон тэдгээр ажилтнуудад хэрэгцээтэй сургалт, хөгжүүлэлт мөн өөрчлөгдөж байна. Энэхүү нийтлэлээр бид байгууллагын сургалттай холбоотой зарим нэг асуудлууд хэрхэн өөрчлөгдөж буй талаар авч үзнэ.
Хүний нөөцийн өсөн нэмэгдэж буй ач холбогдлыг бизнесийн стратегийн хөтөч болгох нь
Зөв ажилтныг зөв ажлын байран дээр сонгон ажиллуулах нь санхүүгийн байгууллагын найдвартай бөгөөд тогтвортой үйл ажиллагааг хангах гол хүчин зүйл юм. Тиймээс ажилтнуудыг тогтмол үнэлэх, шаардлагатай орон тооны хэрэгцээг (зөвхөн тооны хувьд биш мөн ур чадвар г.м)-г зөв тодорхойлох болон ажилтнуудын сургалт хөгжүүлэлт зэрэг нь эн тэргүүнд тавигдах чухал асуудал болоод байна. Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулж буй бизнесийн ертөнц өөрчлөгдөж байгаа тул эдгээр асуудлуудын ач холбогдол мөн өсөн нэмэгдэж байна. Цахимжуулалтын хүрээнд процессын автоматжуулалт хийгдсэнээр зарим төрлийн ажлын байрнууд үгүй болж байгаа хэдий ч шинэ ур чадвар, шинэ профайл, шинэ ажиллах хүчний эрэлт хэрэгцээг мөн бий болгож байна. Шинэ ажилтнууд гэдэгт цахимжуулах боломжуудыг ашиглаж чаддаг ажиллах хүчин болон автоматжуулах боломжгүй ажил үүргийг гүйцэтгэх чадвартай, жишээ нь банкны байгууллагын харилцагчтай хамтран, тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүний шийдлийг боловсруулах чадвартай ажиллах хүчнийг ойлгож болно. Энэ бүхэн санхүүгийн байгууллагад шаардлагатай ажилтнуудын профайл болон ажилтан ажиллагсдыг сургах арга барилд өөрчлөлтийг авчирч байна. Үр дүнд нь хүний нөөц, ажилтны хөгжил дэвшил, ялангуяа сургалт хөгжүүлэлт нь бизнесийн стратегийн хөдөлгөгч хүчний нэг, мөн санхүүгийн байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангагч гол хүчний хувьд ач холбогдол нь улам бүр өсөн нэмэгдэж байна.
Байгууллагын хүрээнд мэдлэг, ноу хауг хадгалах нь
Онол ёсоор бол шинэ мэдлэгийг олж авах, олж авсан мэдлэгээ хадгалан хуримтлуулах үйл явц нь хэзээ ч завсарлах учиргүй. Энэ нь хувь хүн болоод санхүүгийн байгууллага (ямар ч байгууллага)-ын хувьд ижил ач холбогдолтой. Хэдийгээр, энэ шаардлага илэрхий ч, туршлагаас харахад байгууллага доторх албан тушаалын өөрчлөлт эсвэл ажилтан өөр илүү боломжийн төлөө байгууллагыг орхих үед туршлагатай ажилтны хуримтлуулсан мэдлэг алдагддаг. Бодит байдал дээр хуучин ажилтны үлдээж буй хоосон орон зай нь бидний төсөөлж байснаас илүү түгээмэл үзэгдэл болоод байна.
Иймд, мэдлэг ноу-хауг бий болгох, хадгалахын тулд түүнийг байнга сайжруулах, хуримтлуулах системчилсэн арга замыг боловсруулан нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь хувь ажилтны ур чадварыг сайжруулах, ядаж л өмнө нь олж авсан ур чадвараа алдахгүй байхад нь анхаарах, нөөц боловсон хүчнийг цаг тухайд нь бэлтгэх, ажилтнуудын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор тусгайлан сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг замаар тухайн байгууллага нь ноу-хауг сайжруулах, хадгалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Мөн, энэ нь байгууллага өмнөх үетэйгээ харьцуулбал, ажиллагсдаа илүү стратегийн өнцгөөс харах хэрэгтэй гэсэн үг юм. Ажилтанд тавих шаардлага нь илүү өндөр, мэргэшсэн тал руугаа болон өөрчлөгдөж байгаагаас гадна, ажлын байрнууд нь мөн хурдацтай өөрчлөгдөж байна.
Дээрх бүх хүчин зүйлс байгууллага нь шинэ ажилтан шалгаруулан авах үйл явц, тэдгээрийн сургалт хөгжүүлэлтэд урт удаан хугацааны туршид илүү анхаарал хандуулах шаардлагатайг жил ирэх тутам харуулж байна. Үүнд сургалтын давтамж, цаг хугацаа болон агуулгыг мөн багтаан ойлгоно. Тухайн цаг үед шаардлагагүй сэдвээр эсвэл процессын талаарх сургалтад ажилтнуудыг хамруулах нь зардал өндөртэй байхаас гадна тийм ч үр дүнтэй байдаггүй. Эхний оролдлогуудаар ажилтнуудыг шинэ ажил үүргүүдэд давхар сургах нь амаргүй мэт харагддаг. Мөн байгууллага нь ажиллагсдаа хадгалан үлдэхэд анхаарах, өөрөөр хэлбэл ажил мэргэжлийн хөгжлийн төлөвлөлт, үнэлгээний систем, цалин урамшуулал болон албан тушаал дэвшүүлэх процесс зэрэгт илүүтэй анхаарал хандуулахгүй бол хэн нэгэн ажлаас гарах үед түүнийг орлуулахад амаргүй болж байна.
Үр дүнтэй сургалт
Ажилтны суралцах арга замууд нь өөрчлөгдөн хувирсаар байна. Шинэ мэдлэг олж авах түүнийг гүнзгийрүүлэн судлахад танхимын болон ганцаарчилсан сургалт дадлагыг илүүд үздэг хэвээр байгаа боловч мэдлэг болон мэдээллийг цахим сургалт хэлбэрээр түгээн дамжуулах нь мөн зардал багатай, үр дүнтэй аргад тооцогдоно. Залуу үеийнхэн ухаалаг утас болон бусад хэрэгслийг ашиглан интерактив цахим орчинд шинэ мэдээлэл олж авах, суралцах, мөн шинээр ур чадварыг сурч эзэмшдэг болоод байна. Байгууллагууд бизнесийн зорилт, төлөвлөгөө гүйцэтгэлдээ садаа болохгүй байхаар ажилтнуудаа сургах арга замыг тодорхойлсон байх нь чухал. Энэ нь аливаа сургалтын хугацаа харьцангуй богино, гүйцэтгэж буй ажил үүрэгтэйгээ хослуулахад (саад болохгүй) илүү хялбар байх ёстой гэсэн үг юм. Мөн онол практикийн сургалтыг хослуулах нь зүйтэй бөгөөд ингэснээр ажилтан ажил дээрээ илүү цаг хугацаа зарцуулах боломжтой болохоос гадна сургалтаар олж авсан ноу-хау, мэдлэгээ ажил дээрээ туршихад илүү дөхөмтэй байна. Ингээд дээр дурдагдсан чухал санаануудыг нэгтгэвэл:
- Зөв цагт: сургалтын үр дүн дээшлүүлэхийн тулд ажлын байрны бодит хэрэгцээнд уялдуулан санал болгох
- Цахим сургалт: нэгэнт боловсруулан хөгжүүлсэн хойно цахим сургалт нь мэдлэг мэдээллийг бага зардлаар, үр дүнтэй хүргэх боломжийг бүрдүүлдэг. Энэ хэлбэрийн сургалтыг илүү үр дүнтэй ашиглах арга замуудын нэг нь сургалтын үндсэн хөтөлбөрүүдийн зарим хэсгийг, ялангуяа шинэ, туршлагажиж буй ажилтанд зориулсан - зайлшгүй сургах шаардлагатай байгууллагын зарчим, журам болон харилцагч шинээр татах, үйлчлэх, санхүүжүүлэхтэй холбоотой сэдвүүд болон бусад адил төстэй сэдвүүдийн хүрээн дэх сургалтын материалыг цахим сургалтаар хүргэх явдал юм. Техникийн боломжууд улам бүр хөгжиж байгаа тул цахим сургалт нь шинээр олж авсан мэдлэг, ур чадвараа илүү үр дүнтэй байдлаар турших, дадлага хийх боломжийг ч мөн олгож байна.
- Тоглоомоор дамжуулан сургах: дээрхтэй төстэй; цахим интерактив тоглоомууд нь шинээр олж авсан ур чадварыг дадлага хийх замаар дээшлүүлэхэд ашиглагддаг
- Сургалтын хугацааг богино байлгах: энэ нь сургалтын үр дүнг нэмэгдүүлж, ажиллах болон сурах хэрэгцээ шаардлагын аль нэг нь нөгөөгийнхөө үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлөхгүй байхаар хослуулах боломжийг бүрдүүлдэг
- Хоcолсон сургалт болон ажлын байран дээрх дадлагажилт: боломжтой бол танхимын болон цахим сургалтыг ажлын байран дээрх дадлагажилттай хослуулбал шинээр олж авсан ноу-хау, мэдлэгийг шууд туршин, хэрэгжүүлэх боломжийг олгох ба ингэснээр суралцагч нь ажлаас завсардахгүйгээр, нэмэлт зардал гаргахгүйгээр амжилттай суралцан хөгжих боломжтой болно.
Гаднын сургагч багш нартай хамтран ажиллахын хажуугаар зарим санхүүгийн байгууллагууд өөрийн харьяаны их дээд сургуулиуд, сургалтын төвүүд байгуулах, эсвэл сургалтын чиг үүргийг хариуцсан мэргэшсэн ажилтныг ажиллуулах болжээ. Саяхнаас, санхүүгийн байгууллагууд бусад сургалтуудаа дэмжих зорилгоор цахим сургалтыг өөрийн сургалтын хөтөлбөрт оруулан, ашиглаж эхлээд байна.
Мэргэшсэн сургагч нарын үүрэг, тэдний ач холбогдол
Санхүүгийн байгууллагад ажилладаг сургагч нар ерөнхийдөө дараах бүлэгт хуваагддаг:
- Байгууллагын сургагч багш нар буюу сургалтын ерөнхий хөтөлбөрийг (“Байгууллагын соёл”, “Бизнесийн харилцаа”, “Цаг төлөвлөлт”, “Үр ашигтай борлуулалт” гэх мэт) боловсруулан хэрэгжүүлдэг дотоодын сургагч багш. Энэ чиг үүрэгт, мөн цахим сургалтад ажилчдыг зохион байгуулан хамруулах зэрэг ажил үүрэг бас багтаж болно.
- Мэргэшсэн сургагч багш нар буюу өөрсдийн сурч мэдсэн мэдлэг, хуримтлуулсан ажлын туршлагад тулгуурлан, өөрийн сайн гүйцэтгэдэг ажил үүргийнхээ талаар бусдад зааж сургадаг тухайлсан салбарын мэргэжилтнүүд. Энэ төрлийн сургагч нарын хувьд бусдад зааж сургах, дадлагажуулах ажил нь тэдний өдөр тутмын үүрэгт ажил дээр нэмэлт байдлаар тусгагдсан байдаг. Тусгайлсан ноу-хауг хуваалцахаар ирсэн гаднын мэргэжилтнүүд бас энэ төрлийн сургагч байж болно.
- Цахим сургалтын мэргэжилтэн/сургагч: хэрэгцээт сургалтын материалууд болон мэдээллийг интерактив, цахим хэлбэрт хөрвүүлэх чадвартай мэргэжилтнүүд
Зардлын үр ашигтай байдал, мэдлэгийг үр дүнтэй дамжуулах, ур чадварыг хөгжүүлэх зэрэг өнцгөөс харахад бүхий л хэлбэрийн сургалтууд болон сургагч багш нар нь өөр өөрийн гэсэн давуу болон дутагдалтай талуудтай байдаг. Сургалтын үр ашгийг ярихын тухайд, ядаж л ойрын ирээдүйд мэдлэгийг өөрийн болгох, ур чадварыг хөгжүүлэхийн тал дээр их, дээд сургуулиуд болон цахим сургалт нь мэргэшсэн сургагч багш нарыг бүрэн дүүрэн орлох боломжгүй гэдэгт анхаарах нь зүйтэй.
Мэргэшсэн ажилтны удирдлага доор суралцан ноу-хауг эзэмших нь суралцах хамгийн үр дүнтэй аргуудын нэг байсаар байна.
Иймд, бид одоо тухайлсан салбартаа мэргэшиж, туршлага хуримтлуулсан, тэр мэдлэг, ноу-хаугаа бусдад дамжуулан, зааж сургах чадвартай, мэргэшсэн сургагч нарыг таньж тодорхойлох, сурган бэлтгэхэд ашиглагддаг аргуудаас танилцуулъя. Бид гурван тусдаа шалгуур үзүүлэлтийн тухай ярих болохыг анхаарна уу, үүнд: (онол) мэдлэг, (туршлага) ноу-хау мөн бусдад заах чадвар, өөрөөр хэлбэл мэдлэг ноу-хауг бусдад амжилттай, мөн үр дүнтэй дамжуулах чадвар юм. Энэ бүгдийг хамтад нь эзэмшсэн ажилтныг таньж тодорхойлох амаргүй байдаг. Хүн бүр аливаа зүйлийг сайн хийдэг шигээ түүнийгээ бусдад зааж сургаж чаддаггүй байна. Мөн сайн багш нар хэрэгцээтэй ноу-хауг үр дүнтэй зааж сургах хэмжээний ажлын дадлага, туршлагатай байж чаддаггүй. Иймд дээрх гурван шалгуур үзүүлэлтийг, бүгдийг нь анхааран авч үзэх нь чухал.
Бодит байдал дээр, санхүүгийн байгууллагууд мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, хөгжүүлэх янз бүрийн арга замуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Шаардлага хангасан нэр дэвшигчид
Шаардлага хангасан дотоодын мэргэшсэн сургагч гэдэгт шаардлагатай техникийн мэдлэг болон ажлын туршлагатай бөгөөд бусдад мэдлэг, ноу-хауг зааж сургах чадвартай ба үүндээ дуртай, байгууллагын үнэт зүйлсийг эрхэмлэдэг, байгууллагын үндсэн зарчмыг ойлгодог, байгууллагын стратегийг мэддэг, түүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байх тухайн байгууллагын ажилтныг ойлгоно. Ер нь бол бодит амьдрал дээр мэргэшсэн сургагч багш нар сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион явуулахаас гадна, сургалтын үеэр өөрийн байгууллагыг төлөөлдөг тул эдгээр мэргэжилтний үзэл санаа, ёс суртахууны үнэт зүйл, итгэл үнэмшил, сургалт болон суралцагсдад хандах хандлага нь төлөөлж буй тухайн байгууллагын чиглэлтэй нийцэж байх нь зохистой. Иймд, энэ төрлийн мэргэжилтнийг сонгох, бэлтгэх явцдаа эдгээр ажилтнуудын техникийн ур чадвар, ноу-хау болон бусдад заах авьяас чадварт анхаарахаас гадна, байгууллагын үнэт зүйлс, компанийн соёлын талаарх ойлголт, байгууллагын стратегид хандах хандлага болон үнэнч байдал зэрэгт мөн анхаарал хандуулах нь маш чухал.
Байгууллагын дотоод дахь мэргэшсэн сургагч нарыг сонгоход голлон анхаарах зүйлс
Мэргэшсэн сургагч нь онолын хувьд, байгууллагын дотоод сургалтыг зохион явуулахаас гадна сургалтын хөтөлбөр боловсруулан хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай байх ёстой. Ихэнх тохиолдолд, санхүүгийн байгууллагууд нь сургалтын ерөнхий мэдлэг, ур чадвар сайтай байгууллагын сургагч багш нартай байдаг хэдий ч, эдгээр багш нарын мэдлэг туршлага нь техникийн нарийвчилсан сэдвээр, жишээ нь, жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийг бичил бизнестэй харьцуулан судлан шинжлэх нь гэх мэт сэдвээр сургалт явуулахад хангалттай түвшинд байж чаддаггүй. Үүний зэрэгцээ, хэрвээ ЖДБ-ийн сайн мэргэжилтнийг сургагч багшаар сонгон ажиллуулах үед эдгээр мэргэжилтнүүд маань багшлахад шаардагдах зарим ур чадвар эзэмшээгүй байх зэрэг бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Иймд санхүүгийн байгууллагууд энэ төрлийн мэргэжилтнийг сонгохдоо, техникийн мэдлэгийн түвшнийг харахаас гадна, мөн бусдад зааж сургах ур чадвар болон сургалтын хөтөлбөрийг боловсруулан, хөгжүүлэх зэрэг ур чадваруудад мөн давхар анхаардаг.
Байгууллагын дотоод дахь мэргэшсэн сургагч нарын гүйцэтгэх ажил үүрэг
Мэргэшсэн сургагч нарын гүйцэтгэх ажил үүргийн хамрах хүрээ нь тухайн байгууллагын сургалтын зохион байгуулалт, бүтэц зэргээс хамаарна. Мэргэшсэн сургагч багш нарын хариуцан ажилладаг түгээмэл ажил үүрэгт:
- Ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын өмнөх ажилтнуудын мэдлэгийн түвшнийг тогтоох
- Сургалтын санаа цуглуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах
- Сургалтын хөтөлбөр/модуль/хичээлийг боловсронгуй болгож, сайжруулах зорилгоор өгөгдөл мэдээллийг цуглуулах, боловсруулах, шинжлэх
- Шаардлагатай тохиолдолд, сургалтын хичээл/хөтөлбөрийг холбогдох шалгалтын материалуудын хамт сайжруулах, хөгжүүлэх
- Тэнцвэртэй сургалтын хөтөлбөр боловсруулах: мэдлэг, ноу-хауг нэгтгэх, ур чадварыг хөгжүүлэх (кейс ажлууд, дүрд хувирах, хэлэлцүүлэг өрнүүлэх гэх мэт)-д ашиглагдах гарын авлага, илтгэл, дасгал ажил гэх мэт сургалтын материалуудыг боловсруулах
- Ажлын хэсэг, семинар зэргийг зохион байгуулах
- Ажилтнуудыг ажлын байран дээр дадлагажуулах
- Сургалтын дараах дэмжлэг үзүүлэх (онолын хувьд сургагч нар сургалтын материалуудыг цахим сургалтын материал болгон хөрвүүлэх чадвартай байх)
Дотоодын мэргэшсэн сургагчийг сонгон шалгаруулах
Ихэнх тохиолдолд, мэргэшсэн сургагч нарыг ажлын байран дээр бусад ажилтныг удирдан дадлагажуулж байх үед эсвэл ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үеэр удирдах ажилтан/хүний нөөцийн мэргэжилтний ажиглалтаар таньж тодорхойлдог. Мөн, байгууллагын дотооддоо мэргэшсэн сургагчийн ажлын байрны зар тарааж, сонгон шалгаруулалт хийх замаар боломжит нэр дэвшигчдийг таньж тодорхойлох нь үр дүнтэй аргуудын нэгт тооцогддог байна. Бусад ажил мэргэжлийн адил сайн багш болох эсэх нь тухайн хүний хүсэл сонирхлоос ихээхэн шалтгаалдаг тул өөрийн санаачилгаар бусдад зааж сургах сонирхол бүхий ажилтнууд нь заах арга барилыг хараахан эзэмшиж амжаагүй ч гэсэн энэхүү ажлын байранд бусад нэр дэвшигчдээс илүүтэй тохирдог байна.
Мэргэшсэн сургагчийн ажлын байранд ажиллах сонирхлоо илэрхийлж буй хэн боловч тухайн сэдвээр техникийн өргөн мэдлэгтэйгээ батлан харуулахаас гадна, тодорхой хэмжээнд бусдад заах авьяас чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.
Техникийн мэдлэгтэй, заах үндсэн арга барилаас суралцахад бэлэн ажилтнуудыг таньж тодорхойлсны дараа тэдгээр сонгогдсон ажилтнуудын ажлын гүйцэтгэл, гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг ханган ажилласан байдал зэргийг харьцуулан үзэх эсвэл бүр тусгайлсан ярилцлага, сонгон шалгаруулалт явуулах замаар сонгож болно. Энэхүү сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтүүдэд нэр дэвшигчийн бусдад заах ур чадвар, хүсэл сонирхол зэргийг илтгэн харуулах боломжтой үзүүлэлтийг багтаах нь зохистой.
Тохирох нэр дэвшигчдэд байх зан чанарууд
Техникийн хувьд өндөр мэдлэгтэй ажилтнууд бүгд автоматаар сайн сургагч/багш байж чадахгүй. Иймд, тохирох нэр дэвшигчид дараах зан чанаруудтай байх шаардлагатай:
- Бусдад мэдлэг, ноу-хау, ур чадвараа сайжруулах, бататгахад нь туслах хүсэл сонирхолтой
- Оролцогчид (сурагчид) үлгэрлэн дуурайхуйц зан төлөвтэй байх
- Суралцагсдад эергээр ханддаг байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх, товч бөгөөд ойлгомжтой байдлаар өөрийгөө илэрхийлдэг
- Мэдээллийг логик хэлбэрт оруулах чадвартай байх
- Өөрийгөө бусдын оронд тавьж чаддаг байх, сурагчдад тулгарч буй асуудал, бэрхшээлийг ойлгохуйц өргөн хүрээнд сэтгэж ойлгодог байх,
- Сургалт, сургалтын хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх чадвартай байх, үүнд бэлэн байх
- Тухайн мэргэжлийн салбарын талаарх шаардлагатай мэдлэгтэй байх
Зайлшгүй шаардагдах ур чадварууд
Тохирох сургагч нар нь заах арга зүйн болон бусдыг сургах, дасгалжуулах чадвартай байх хэрэгтэй. Холбогдох салбарын мэдлэгтэй байхаас гадна мэргэшсэн сургагч нар:
- Арга зүйн чадвар - сургалтын бүтэц, агуулгыг боловсруулах (мэдээлэл/ур чадвар/бусад) мөн тэдгээрийг тодорхой нэг сургалт, сургалтын хөтөлбөрт багцлан оруулах чадвартай
- Бусдад зааж сургах чадвар - мэдлэг ур чадвар, ноу-хауг бусдад дамжуулах, заах, эзэмшүүлэх, бэхжүүлэх зэрэг чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй.
Мэргэшсэн сургагчийг бэлтгэх сургалт
Ихэнх тохиолдолд, мэргэшсэн сургагч багшид нэр дэвшигчдийг ирээдүйд мэргэшсэн сургагч болоход шаардлагатай ур чадварууд тодорхой хэмжээнд байгаа эсэхэд үндэслэн таньж тодорхойлдог. Бусдад зааж сургахад бэлэн мэргэжилтнийг шууд олно гэдэг ховор тохиолдол. Тухайн салбарт ажилласан туршлагатай эсэхээс үл хамааран сургалт зохион байгуулж, хөгжүүлэх нь тодорхой ур чадвар, ноу-хауг шаарддаг, өөрөөр хэлбэл бусдад зааж сургах нь мөн мэргэшсэн салбар юм. Сайн сургагч багш байхын тулд сургагч нь энэ салбарт мэргэшсэн байх ёстой.
Ихэнх сонгогдсон нэр дэвшигчид нь шаардлагатай ур чадвар, ноу-хауг эзэмших, цаашид хөгжүүлэх авьяас чадвартай байх боловч сургалт зохион байгуулах талаар мэдлэг, туршлага, ур чадварыг хараахан эзэмшиж амжаагүй байдаг. Иймд, тэдэнд сургалт зохион байгуулахад шаардагдах мэргэшсэн ур чадварыг суулгах, бий болгох хамгийн хялбар арга бол сургагч багш бэлтгэх сургалтаар дамжуулан сургалтыг хэрхэн зохион байгуулах, явуулах, сургалтын гарын авлага, хөтөлбөр болон бусад хэрэгцээтэй материалыг бэлтгэх, хөгжүүлэх зэргийг заах явдал юм. Ингэхдээ, энэхүү сургалтыг ажлын байран дээрх дадлагажилттай хослуулах, өөрөөр хэлбэл туршлагатай сургагч багшийн удирдлага дор сургалт зохион байгуулахтай холбоотой ажил үүргийг гүйцэтгүүлэх замаар сургах нь үр дүнтэй. Сургагч багшийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийн бүтэц болон сургалтын хугацаа нь тухайн байгууллагад сургагч багшийн гүйцэтгэх ажил үүрэг, байгууллагын сонголт зэргээс хамааран янз бүр байх боловч сургалт явуулахад шаардагдах үндсэн ур чадварыг олгоход чиглэсэн сэдвүүдийг заавал багтаасан байх ёстой. Бид тусгайлан нэг жишээг доор авч үзнэ.
Сургагч багшийн анхан шатны сургалтыг дүүргэсний дараа мэргэшсэн сургагч нар нь цаашид сургагч багшийн хувиар өөрсдийн ур чадвар, мэдлэгээ улам бүр хөгжүүлэн, арчилж тордож байх нь маш чухал.
Сургагч багшийн сургалт (жишээ)
Нэгэн банк өөрийн дотоод дахь сургагч нарт зориулан сургалтын эрчимжүүлсэн хөтөлбөр явуулахаар болжээ. Сургалтын хөтөлбөр нь насанд хүрэгчдэд зориулсан сургалтад ашиглагдах хэрэгслүүд, багаар ажиллах дасгал, ур чадвар болон чадавхыг хөгжүүлэх даалгавар, сургагч багш нарыг сургахад чиглэсэн хамгийн сүүлийн үеийн агуулгатай байх болно.
Хүснэгт 1-т энэхүү эрчимт сургалтад зориулсан хэд хэдэн модулийг жагсаав:
Сургагч багшийн сургалтын модулиуд (хялбарчилсан хувилбар)
Сургалтын үйл ажиллагаанд дараах хүчин зүйлсийг авч үзэх шаардлагатай: (a) зорилтот чиг баримжаа; (b) шинжлэх ухаанд суурилсан сургах процесс; (c) багш оюутны харилцан оролцох систем; (d) сургалтын үр дүнг хэмжих үзүүлэлтүүд; (e) орчин үеийн сургалтын арга барил (хэзээ, хэрхэн) гэх мэт.
Ажлын байран дээрх сургалт
Дээрх эрчимжүүлсэн сургалтын дараагаар, мэргэшсэн сургагч нарт шинээр олж авсан ноу-хау болон мэдлэгээ бататгах, хэрэглэхэд нь зориулан тусгайлан зорилт, төлөвлөгөө боловсруулан ажиллах нь зүйтэй. Эхэн үед, шинэ сургагч багшийг мэргэшсэн туршлагатай сургагч багшийн удирдлага дор дадлагажуулах нь чухал. Ингэснээр, түүнийг тусгайлан зохицуулагдсан орчинд шинээр олж авсан ур чадвараа хэрэглэх, улмаар гүнзгийрүүлэн ойлгох боломжийг бүрдүүлнэ. Үүний сацуу, шинэ сургагч багш сургалтын ухагдахуун, мэдэгдэхүүний талаар буруу ойлголттой болох, аргачлалын буруу хэрэглээг хэвшил болгох зэргээс сэргийлэх, мөн шинээр олж авсан ур чадвараа өөртөө итгэлтэйгээр ашиглахад нь дөхөм үзүүлдэг. Практикт, хамтран сургагч багш (хангалттай хэмжээний туршлагатай)-ийг томилон, шинэ сургагч багшид сургалтын хөтөлбөр боловсруулахад нь зааж зөвлөх, сургалт явуулах үед нь хамт байх зэргээр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Сургалт дууссаны дараа хамтран сургагч багш нь дадлагажигчтай зохион явуулсан сургалтынх нь талаар өөрийн санал сэтгэгдлийг дэлгэрэнгүй байдлаар хуваалцана. Энэ нь сургалтын үр дүн, амжилттай болон амжилтгүй болсон сургалтын бүрдэл хэсгүүдийн талаарх өөрийн санаа бодлоо хуваалцан ярилцахыг ойлгох бөгөөд энэ нь дадлагажигч заах ур чадвараа дээшлүүлэн, хөгжүүлэхэд нь ихээхэн түлхэц болдог. Хамтран сургагч багш нь өөрийн санал сэтгэгдлийг тодорхой нэг жишээ, явуулсан сургалтын хүнд хэцүү мөч, эсвэл аль нэг оролцогчийн хэвийн бус үйлдэл зэрэг маш тодорхой жишээнд тулгуурлан хуваалцах шаардлагатай.
Сургагч багшийг сургах сургалтын процесс нь дадлага-онол-дадлага-онол гэсэн бусад ажилтнуудад зориулсан сургалттай адил мөчлөгтэй байдаг.
‘Сургагч багшийн Амжилтын Дугуй’ нь мэргэшсэн сургагч багшийн хөгжүүлэн, бэхжүүлж, бататгах шаардлагатай мэдлэг, ур чадвар, чадамжийг тодорхой харуулдаг:
Сургагч багшийн ур чадварыг нэмэгдүүлэх, хадгалах
Энэ нь анхаарал хандуулах зүй ёсны сэдвүүдийн нэг юм. Мэргэшсэн сургагчийн техникийн мэдлэг, ноу-хау, туршлагыг хадгалах, дээшлүүлэх, хөгжүүлэхийн тулд сургагч багшийг тухайн салбартаа үргэлжлүүлэн ажиллаж, зөвхөн хагас цагаар л сургалт явуулах нөхцөл бололцоогоор хангах нь чухал. Ингэж зохион байгуулж чадаагүй тохиолдолд сургагчийн тухайн салбарт хуримтлуулсан техникийн мэдлэг, чадвар буурах эрсдэлтэй. Ер нь бол мэргэшсэн сургагч багш нарын тухайн салбарын талаарх мэдээлэл болон мэргэжлийн мэдлэг нь сургалтад оролцогчдтой харьцуулахад өндөр байх ёстой. Үүний зэрэгцээ, мэргэшсэн сургагч багш нар нь заах ур чадвараа нэмэгдүүлэх, дадлага хийх зорилгоор хангалттай тооны сургалтыг зохион явуулах шаардлагатай. Мөн сургагч багшийн хувьд онолын болон практик сургалтуудад тогтмол хамрагдаж байх нь чухал.
Мэргэшсэн сургагч багшийн хэрэглээг оновчтой нэвтрүүлэхийн тулд эдгээр сургагч нарын ажил үүрэг болон албан тушаал ахиж дэвших бололцоог тодорхой болгох, ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэх, хадгалахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс сургагч багшийн хувиар сургалтад тогтмол хамруулж байх, сургалттай холбоотой ажил үүрэг гүйцэтгүүлэх, тухайн салбартаа үргэлжлүүлэн ажиллах боломжийг бүрдүүлэх, тухайлсан салбарын техникийн сургалтад тогтмол хамруулж байх нь зүйтэй. Мөн санхүүгийн байгууллагууд нь нөөц сургагч багш нарыг цаг тухайд нь бэлтгэснээр, сургагч багшийн гэнэтийн дутагдлаас урьдчилан сэргийлэхийн хамт, сургалтын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах болно.
Татгалзах нөхцөл
Энэхүү нийтлэл нь Монгол улс дахь бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилт болон бусад холбогдох сэдвийн хүрээнд явагдах хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах зорилгоор нийтлэгдсэн болно. Хэлэлцэгдэж буй эдгээр үзэл бодлууд нь энэхүү баримт бичгийн зохиогч/зохиогчдынх бөгөөд ЕСБХБ, эсвэл Монгол улс дахь RSBP-д хандивлагчид болон хувь нийлүүлэгчдийн үзэл бодлыг илэрхийлээгүй. Монгол улс дахь RSBP нь энэхүү баримт бичигт тусгагдсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал эсвэл чанарыг баталгаажуулахгүй. Монгол улс дахь RSBP, түүний хувь нийлүүлэгчид, хандивлагчид энэхүү баримт бичигт хэвлэгдсэн мэдээллийг ашигласантай холбоотой үүсэж болзошгүй аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.