Зохиогч: RSBP Central Asia
Хэвлэсэн он, сар, өдөр: 21-05-2019

 

 

 

Ажилчдын сургалтад хөрөнгө оруулах нь яагаад чухал байдаг вэ?

Санхүүгийн байгууллагуудын ашгийн түвшний бууралт болон зардлын хяналт нь ажилчидтай холбоотой зардлыг танах нэг шалтгаан болдог байна. Ингэж танах нь ажилчдын нийт тоо болон тэдний ур чадварын түвшинд нөлөөлөхийн сацуу ажилчдын сургалтад хөрөнгө оруулах байгууллагын хүсэл сонирхолд мөн нөлөөлдөг. Үүнээс гадна ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар нь харилцагчийг татах, урт хугацаанд хамтран ажиллах, байгууллагын нэр хүнд болон ашиг орлогыг нэмэгдүүлэх ялангуяа технологийн хурдацтай хөгжлийн энэ үед банк нь цахим болон зайнаас үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахад гол үүрэг гүйцэтгэдэг болохыг үргэлж санах хэрэгтэй.

Өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал нь орлогын зарцуулалтыг оновчтой болгохыг шаардаж байна. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн салбарын ажилчидтай холбоотой зардал нь байгууллагын нийт зардлын мэдэгдэхүйц хэсгийг эзэлдэг байсан тул өртөг зардлаа бууруулах шийдвэрээ ихэнхдээ ажилчидтай холбогдон гардаг зардлыг танахаас эхэлдэг байсан. Өнөөдрийн нөхцөлд ч гэсэн зардал таналтын энэ аргын хэрэглээг том жижиг ялгаагүй санхүүгийн байгууллагуудын бизнесийн нэгжийн менежерүүд баталж байна.

Ажилтан ажиллагсадтай холбоотой зардлыг бууруулах нь ажилчдын ажлын байран дээрх тогтворгүй байдал, дотоод дүрэм журмыг дахин боловсруулах шаардлага, ажилчдын урам зоригийн бууралт зэрэг сөрөг үр дүнд хүргэдэг байна. Ийм нөхцөлд удирдлага нь ажилчдаас аливаа өөрчлөлтөд гаднын ямар нэгэн дэмжлэггүйгээр дасан зохицохыг хүлээх боломжгүй юм. Зах зээл тогтвортой үед ч гэсэн санхүүгийн байгууллагууд зорилтдоо хүрэх, хөгжлийн стратегиа хэрэгжүүлэхийн тулд (1) ухаалаг ажилтан сонгох өөрөөр хэлбэл сонгон шалгаруулах үйл явц нь зохих ур чадвартай, зан харилцаа болон мэргэжлийн хувьд тухайн ажлын байрны шаардлагыг хангасан боловсон хүчнийг шалгаруулахад чиглэсэн, (2) одоогийн зохион байгуулж буй ажилчдын сургалт нь тухайн ажилтны болон байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн байх зэрэгт голлон анхаарах хэрэгтэй.

Ажилчидтай холбоотой зардлыг хэмнэх нь богино хугацаанд зардал болон түүний өртгийн нийт хэмнэлтэд хүргэнэ. Гэсэн хэдий ч хүлээлт үүсгэсэн орлогын өсөлт нь дунд болон урт хугацаанд бий болохгүй байх магадлалтай. Чухам үүний шалтгаан нь аливаа бизнесийн амжилтын гол түлхүүр болсон ажилчдын чадавх хангалттай түвшинд байхгүй байгаад л оршино.

Санхүүгийн байгууллагын хувьд сургалтын үйл явц болон холбогдох зардлыг оновчтой бууруулах гол түлхүүр нь боловсон хүчний мэргэшил, мэдлэг, ур чадварын түвшнийг тухайн бизнес үр дүнтэй ажиллах хэмжээтэй ижил түвшинд байлгах явдал юм.

Зардлаа бууруулахын тулд ажилчдын сургалтаас богино хугацаанд татгалзах шийдвэр гаргасан нэгэн санхүүгийн томоохон байгууллагын жишээг авч үзье:

Ямар нэгэн сургалт явуулалгүй 6 сар болсны дараа тухайн бизнесийн нэгж дээр ажилчдын ажлын гүйцэтгэл ажиглагдахуйц хэмжээнд буурч мөн хуучин болон шинэ харилцагчдын тоо эрс багасаж байгааг байгууллага анзаарсан байна. Түүнээс гадна бизнесийн процессын бүтээмж буурч өөр хоорондын харилцан ойлголцол муудаж (үр дүнд нь нэг төслийг судлах, батлах болон нэг үйлчлүүлэгчид зарцуулах цаг нэмэгдсэн), голлох ажилчдын урам зоригийн түвшин доошилж улмаар бизнесийн цаашдын ашгийн түвшний бууралтад нөлөөлсөн байна.

Зардлыг буруулан танах оновчгүй шийдвэр нь ирээдүйд бизнесийн том гарз хохиролд хүргэж болзошгүйг энэ жишээ харуулж байна.

Сургалтын гол зорилго юу вэ?

Сургалтын гол зорилго нь ажилчдыг дэмжих, хөдөлмөрийн бүтээмжийг нь нэмэгдүүлэх улмаар тэдгээр ажилчдын тусламжтайгаар санхүүгийн байгууллагын үр ашгийг өсгөх явдал юм. Эдийн засгийн хямралын үед зарим санхүүгийн байгууллага үүнийг мартаж сургалтын зардлаа бууруулахыг илүүд үздэг байна. Энэ үед ч гэсэн сургалт нь үр дүнтэй байх хэрэгтэй.

Сургалтын зардлыг бууруулах зохист арга нь эдийн засгийн хувьд үр ашигтай, мөн ажилчдад өгөөжтэй байхаар сургалтыг зохион байгуулах зөв арга замыг тодорхойлох явдал юм. Иймд нэгдүгээрт ажилчдадаа яг юуг зааж сургах гэж байгаагаа ойлгодог байх, зөвхөн үүний дараа л хамтран хэрэгжүүлэгчийг сонгох нь зүйтэй. Ер нь бол эхлээд зорилгоо тодорхойлох шаардлагатай дараа нь түүнд хүргэх замыг сонгосон нь дээр.

Зураг 1: Сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

 

Сургалтын агуулгын хэрэгцээ нь одоо байгаа ажилтнуудын мэдлэг ур чадварыг тухайн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг ур чадвартай харьцуулан тодорхойлдог.

Зураг 1 дээр сургалтын агуулгын хэрэгцээг тодорхойлох схемийг үзүүлсэн бөгөөд дараах зүйлсийг олж харж болно:

  • одоо байгаа болон шаардлагатай мэдлэг ур чадварын хоорондын зөрүү
  • байгууллагын бүх ажилтны хэрэгцээт сургалтын талаарх санаа бодол
  • сургалтад хамрагдаж мэргэжил ур чадвараа дээшлүүлэх ажилтан нэг бүрийн хүсэл зориг болон авьяас чадвар
  • байгууллага дахь ажилчдын өсөн дэвжих, суралцах хүсэл эрмэлзлийн түвшин
  • ажиллагсдад хэрэгцээтэй байгаа сургалтын агуулга сэдэв;
  • ажиллагсдын сургалт, хөгжилтэй холбоотой бусад мэдээлэл

Дээрх өөрчлөлтүүд нь ажиллагсдын оновчтой тоо хэмжээ, ажил мэргэжлийн хөндлөн ба босоо чиглэлийн шилжилт хөдөлгөөн, бүтцийн болон бусад оновчтой өөрчлөлтүүдтэй холбоотой бөгөөд эдгээр нь таныг сар, улирал, жил цаашлаад илүү урт хугацааны сургалтын цогц төлөвлөгөөг бэлдэхэд тусална.

Сургалтын тоо давтамжийн хэрэгцээ нь хэрвээ та байгууллагын санхүүгийн нөхцөл байдал ба бизнесийн орчин, бизнесийн үйл явц хэрхэн явагддаг, бизнесийн гол зорилго юу болох, цаашдын хөгжлийн төлөвлөгөө зэргийг мэддэг, зөв үнэлдэг бол энэ бүгдийг ажилтан тус бүрд шаардлагатай байгаа сургалтын агуулгын хэрэгцээний үр дүн (үнэлгээний үр дүн, оноо, сорилтын үр дүн, асуулга, бусад)-тэй харьцуулах замаар тодорхойлох боломжтой.

Энэ бүхэн зорилтот бүлгүүдэд шаардлагатай сургалтын нэр төрөл болон тоо давтамж зэргийг үр дүнтэйгээр тодорхойлох үндэс болно. Ингэснээр сургалтын үйл явцыг илүү оновчтой зохион байгуулах, төсвийг үр дүнтэй зарцуулахын хамт шаардлагатай чанарын үзүүлэлтийг давхар ханган ажиллах боломжийг бүрдүүлнэ. Ингэж зохион байгуулахын өмнө тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан зан төлөв, чадвар, чадавх бүхий шинэ ажилчдыг сонгон авах урьдач нөхцөлийг биелүүлсэн байх хэрэгтэй.

Сургалтыг төлөвлөх болон зохион байгуулахад хамрагдах ажилчдаа бүлэг болгон ангилсны дараа бүлэг тус бүрийн мэргэшлийн түвшин болон санхүүгийн байгууллагын бүтэц, бизнесийн зохион байгуулалтын онцлог шинж чанар зэрэгт үндэслэн тохирох сургалтын арга барилыг тодорхойлох нь чухал байдаг.

“Туршлагатай ажилтанд сургалт хэрэггүй учир нь тэд бүгдийг мэддэг” гэсэн үгийг заримдаа сонсож байсан байх. Гэхдээ энэ нь зөвхөн аливаа зүйлийг хурдан сурдаг тэдгээр ажилчдыг л онцолж байгаа хэрэг юм. Түүнчлэн сургалт нь энэ төрлийн ажилчдыг үржүүлэгч болгон ашиглаж бусад ажилчдыг (шинэ болон туршлага багатай) дадлагажуулахад оролцуулах байдлаар урамшуулж бизнесийг урагшлуулахад түлхэц болдог.

Үйлчлүүлэгч нэг бүрийн төлөөх хичээнгүй өрсөлдөөн ил явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд ахлагч/удирдагч бүр ажилчдынхаа мэргэшил ур чадварыг дээшлүүлэх зөв арга замыг тодорхойлох шаардлагатай бөгөөд ур чадвар султай ажилчдын гаргаж буй алдааны хор уршиг бизнест хүндээр тусаж эхлээд байна.

Сургалтын сэдвүүд нь сургалтын дараа ажилчид ажлын байран дээр шууд туршиж хэрэгжүүлж болохуйц ур чадвар, мэдлэгийг олгохоор зориулагдсан байх ёстой ба урт удаан хугацааны туршид боловсруулагдсан байдаг. Жишээлбэл, хэрэв шаардлага хангасан үйлчлүүлэгчдийн тоо буурч, харилцагч шинээр татах үйл явц нь илүү их хүчин чармайлт шаардаж байгаа нь байгууллагад мэдрэгдвэл “Харилцагч татах/Борлуулалт хийх” сэдэвт сургалтад нэн түрүүнд ач холбогдол өгөх ёстой. Хэрэв асуудалтай зээлийн тоо тодорхой хугацааны туршид нэмэгдэж буй нь ажиглагдвал “Асуудалтай зээлтэй ажиллах” сэдэвт сургалтад анхаарлаа хамгийн түрүүнд хандуулах шаардлагатай. Цогц сургалтын хөтөлбөр эсвэл бие даасан сургалтын төлөвлөгөө бэлтгэхдээ байгууллага бүр өөрийн бизнесийн зорилго зорилтод нийцүүлэх нь зүйтэй.

Сургалтын үйл явц болон сургалтын зардлыг илүү оновчтой байдлаар зохион байгуулж бууруулах үед анхаарах өөр нэг асуудал нь “Сургагч багш хэн байх вэ?” гэсэн асуулт юм. Сургалт нь байгууллагын дотоод сургалтын албаны (байгууллагын дотоод сургалтын бүтэц зохион байгуулалтад тулгуурласан) болон гаднын байгууллагын аль алинаар дамжин зохион байгуулагдаж болно.

Ажилчдын хэрэгцээ шаардлагыг хангасан, хүчин чадлын хувьд хангалттай, тогтмол явагддаг ажилчдад зориулагдсан дотоод сургалттай бол түүнийгээ ашиглах нь мэдээж. Хэрэв ийм сургалт дотооддоо байхгүй бол сургалт явуулдаг гаднын байгууллагуудаас сургалт авах нь зүй ёсны хэрэг. Гаднаас сургалт авахдаа хамгийн тохиромжтойг сонгох зорилгоор тэдгээрийн санал болгож буй сэдэв, түвшин, үнэ, давтамж зэргийг харьцуулан сонголтоо хийх хэрэгтэй.

Сургалт зохион байгуулагчид нь ерөнхийдөө “нээлттэй” болон “хаалттай” сургалтуудыг санал болгодог гэдгийг бас санахад илүүдэхгүй. Хаалттай сургалт нь зөвхөн сонгогдсон хүмүүст нээлттэй бол нээлттэй сургалтад янз бүрийн байгууллагын ажилтнууд хамрагдах боломжтой. Ихэвчлэн, хаалттай сургалт нь тухайлсан санхүүгийн байгууллагад зориулан тусгайлан зохион байгуулагддаг. Энэ нь сургагч багш нь санхүүгийн байгууллагын онцлогт тохируулан сургалтыг явуулах боломжийг олгодог давуу талтай. Нээлттэй сургалтад хамрагдахын гол давуу тал нь төрөл бүрийн мэдлэг туршлагатай оролцогчид болон тэдгээрийн олон талт арга барилыг хооронд нь харьцуулан сурах боломжийг олгодог.

Хэрвээ боловсон хүчин, мэргэжилтнийг нээлттэй сургалтад хамруулахаар сонгосон бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  1. Сургалтыг ямар компаниас явуулдаг
  2. Сургалтын сэдэв нь танай байгууллагын бизнес болон ажилчдын хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэх
  3. Сургагч багш нь хэн болох
  4. Сургалтын зорилтот бүлэг хэн болох
  5. Энэ сургалт аль ажилтанд илүү хэрэгтэй зэргийг анхаарах хэрэгтэй

Сургалтын талаар ярих үед санхүүгийн байгууллагууд ‘харамч хүн хоёр дахин төлдөг’-ийн үлгэртэй төстэй байдлаар хандах тохиолдол байдаг бөгөөд энэ нь эргээд бидний дээр хэлэлцсэн шиг бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Илүү тодруулбал, туршлагатай гаднын сургагч багш гэрээгээр авч ажиллуулахын оронд санхүүгийн байгууллагууд ажилтнуудаа шинэ ноу-хауг бие даан суралцахыг шаардах эсвэл сургагч багшийн бодит чадвар болон тухайн сэдвийн дагуух мэдлэгийн түвшин зэргийг харгалзалгүйгээр зардлын хүчин зүйлийг голлон сонгодог. Ингэж бүр анхнаасаа зарим санхүүгийн байгууллагууд ноу-хау, мэдлэгийн чанар муутай хөрс суурийг тавьснаар үр дүнд нь ур чадвар сул эсвэл дутуу мэргэшсэн ажилчдыг бий болгодог.

Иймээс, бид сургалтын үйлчилгээ үзүүлэгчдийн сонгон шалгаруулалт болон энэ сонголтын ач холбогдлын талаар онцлон тэмдэглэмээр байна. Учир нь энэхүү сонголт нь ажилчдын ур чадвар, ноу-хау, мэдлэгийн түвшнийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ тусгайлсан сургалтуудыг амжилттай дүүргэн мэргэжлийн сургагч багш болох ирээдүйтэй чадварлаг үржүүлэгч нарын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн дэмжлэг болдог юм.

Томоохон байгууллагууд нь шаардлагатай бүх төрлийн сургалт зохион байгуулах чадвартай дотоодын сургалтын багийг бүрдүүлэн ажиллах боломжтой байдаг. Харин зарим өөр байгууллагуудын хувьд дотоод болон гаднын сургалтыг хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй. Ийм замаар сургалтын сэдвүүдийн хамрах хүрээг тэлэх, ач холбогдлыг нь нэмэгдүүлэх боломжтой.

 Эцэст нь Алиса Гайхамшгийн Оронд цувралаас дараах эшлэлийг татъя:

 

 Татгалзах нөхцөл

Энэхүү нийтлэл нь Монгол улс дахь бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилт болон бусад холбогдох сэдвийн хүрээнд явагдах хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах зорилгоор нийтлэгдсэн болно. Хэлэлцэгдэж буй эдгээр үзэл бодлууд нь энэхүү баримт бичгийн зохиогч/зохиогчдынх бөгөөд ЕСБХБ, эсвэл Монгол улс дахь RSBP-д хандивлагчид  болон хувь нийлүүлэгчдийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Монгол улс дахь RSBP нь энэхүү баримт бичигт тусгагдсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал эсвэл чанарыг баталгаажуулахгүй. Монгол улс дахь RSBP, түүний хувь нийлүүлэгчид, хандивлагчид энэхүү баримт бичигт хэвлэгдсэн мэдээллийг ашигласантай холбоотой үүсэж болзошгүй аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.